Японы Олон Улсын Хөдөлмөрийн сангийн “ҮЭ-ийн залуу лидерүүдийн сургалт” цахимаар хийлээ
2020.09.08

Японы Олон Улсын Хөдөлмөрийн сангийн “ҮЭ-ийн залуу лидерүүдийн сургалт” цахимаар хийлээ

Олон Улсын Хөдөлмөрийн сан /JILAF/ -ийн дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулагддаг “Урих хөтөлбөр-2020, ҮЭ-ийн залуу лидерүүдийн сургалт”-д МҮЭ-ийн холбооны залуу ажилтнууд хамрагдаж байна. Энэ удаагийн хөтөлбөр нь Covid-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

Таван өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтад Японы ОУ-ын Хөдөлмөрийн сангийн зүгээс JILAF-ийн Ерөнхийлөгч Хироюүки Нагумо, гүйцэтгэх захирал Шиота болон Яги, хөтөлбөрийн зөвлөх Ояма, хөтөлбөрийн зөвлөх Ёошио Сато, хөтөлбөрийн менежер Такеру Като нар оролцож байгаа юм. Сургалтын эхэнд JILAF-ийн Ерөнхийлөгч Хироюүки Нагумо болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нээлтийн үг хэллээ. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Урих хөтөлбөрийн нээлтэд оролцож байгаа Японы ОУ-ын Хөдөлмөрийн сангийн удирдах ажилтнууд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. МҮЭ-ийн холбоо болоод Японы ҮЭ-ийн холбоо, Японы ОУ-ын Хөдөлмөрийн сан /JILAF/-ийн хамтын ажиллагаа олон талт хэлбэрээр зохион байгуулагдаж ирсэн. 

Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд JILAF-аас МҮЭ-ийн холбоотой хамтарсан олон чиглэлийн сургалт семинар арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хөдөлмөр удирдлагын харилцаа, ХАБЭА-н асуудал, Хөдөлмөрийн бүтээмж, Хамтын гэрээ хэлэлцээр гэсэн чиглэлээр МҮЭ-ийн холбооны идэвхтэн сонгуультнуудыг хамруулж маш олон сургалтыг зохион байгуулж байсан. Бидний үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж 2020 онд цар тахлын үед ч амжилттай хэрэгжиж Урих хөтөлбөрийн нээлт ийнхүү болж байгаад туйлын их баяртай байна. Хэдийгээр дэлхий нийтээр цар тахлын аюул өндөр байгаа ч “Урих хөтөлбөр” цаг үетэйгээ зохицож онлайнаар зохион байгуулж байгаа явдалд талархаж байна” хэмээв.

Мөн энэ үеэр JILAF-ийн Ерөнхийлөгч Хироюүки Нагумо “Энэ удаагийн урих хөтөлбөр цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа ч хөтөлбөр үргэлжилж байгаа нь хамгийн чухал юм. Япон улсын хувьд covid-19 цар тахлын нөхцөл байдал хөдөлмөр эрхлэгчдэд хүндээр тусч байгаа ч гэсэн бид үйл ажиллагаагаа цалгардахгүй үргэлжлүүлсээр байна. Жил бүрийн “Урих хөтөлбөр” маань 14 хоногийн турш үргэлжилдэг байсан бол энэ удаад долоо хоног болж багассан ч та бүхэн сургалтын явцад идэвх, санаачлагатай байж хамтран ажиллана гэдэгт найдаж байна. МҮЭ-ийн холбоо, хамтын ажиллагааныхаа хүрээнд үргэлж сайн хамтарч ажилладагт талархаж буйгаа илэрхийлж байна” гэж хэллээ.