2020.09.10
С.Бямбацогт: Төсөвтөө түгжигддэг биш хөгжлийн бодлогодоо хөтлөгдсөн төсөв баталдаг болох ёстой
Сүүлийн 30 жилд анх удаа Монгол Улсын Их хурал "Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө" болох Үндсэн чиглэлийг баталсан. Мөн хөгжлийн бодлогодоо нийцүүлж Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан “Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт ийнхүү амилсан юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хөгжлийн бодлого төлөвлөлттэй улсбн төсөв уялдаа холбоотой байх учиртай тул ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа,
"АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого хэлбэрэлтгүй хэрэгжих үндэс тавигдсан. Үндсэн хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа богино хугацааны буюу 1 жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулж УИХ-аар батлуулах учиртай.
Тэрхүү төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээ бүр санхүүжилтийн баталгаат эх үүсвэр, хариуцах эзэн, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөвтэй байх ёстой. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилж улсын төсвийн төслийг боловсруулж Их хурлаар батлуулах нь Засгийн газрын үүрэг."
Иймд холбогдох хууль тогтоомжийг нэг мөр зөв ойлгон хэлбэрэлтгүй, хийдэл дутагдалгүй хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.
хэмээжээ.