С.Чинзориг гишүүн Өвөрхангай аймгийн өвөлжилтийн бэлтгэлд анхаарал хандуулахыг хүслээ
УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.
Энэ жил зуншлага оройтсонтой холбоотойгоор Өвөрхангай аймагт өвөлжилт, хаваржилт нилээн хүндрэх төлөвтэй байна.
Бид гурав Ерөнхий сайд, Шадар сайд, ХАА сайдтай уулзсан урьдчилсан байдлаар өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх тодорхой саналууд хүргэгдсэн. Тодорхой хэмжээгээр махны экспортын асуудал, отор нүүдэл хийх бүс нутгийг тодорхой болгож өгөх, хадлан тэжээл бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх гээд тодорхой зарим ажлуудын шийдвэр гарч байгаад талархаж байна.
Өвөрхангай аймагт энэ жил зуншлага оройтсонтой холбоотойгоор отор нүүдэл маш ихээр хийх болно. Өнгөрсөн жил тус аймагт өвөлжилт нилээн хүндэрсэн. Тэр үед Өвөрхангай аймгийн 50 хувь нь гандуу, 50 хувь нь хэвийн байсан. Харин энэ жил Ус цаг уур шинжилгээний хүрээлэнгээс гаргаж өгсөн мэдээллээр Өвөрхангай аймаг 5 хувь нь хэвийн, 50 хувь нь гантай, 45 хувь нь гандуу гэсэн судалгаа гаргасан байна. Өвөрхангай аймгийн малчид энэ жил нилээн хүнд өвөлжих нөхцөл байдал үүссэн байна. Хэд хэдэн санал байна. Тус аймгийн гаргаж өгсөн судалгаагаар энэ жил 2000 өрхийн 2 сая гаруй мал гадны аймагт өвөлжих нь гэсэн судалгаа байна. Одоогийн байдлаар 760 өрхийн 420.000 мал 18 аймгийн 43 суманд өвөлжихөөр алсын оторт явсан гэсэн судалгаа байна.
- Юуны түрүүнд гадны оторт явж байгаа малчдад отрын бүс нутаг тодорхой болгох хэрэгтэй байна.
- Засгийн газар тогтоол шийдвэр гаргах байдлаар малчдыг хөөж туухгүй байх, хууль бус татвар хураамж авахгүй байхад анхаарах. Ийм тодорхой чиглэлийг улсын Онцгой комисс, Засгийн газраас өгөх шаардлагууд байна. Цагдаагийн удирдлагууд тодорхой үүрэг өгөх хэрэгтэй байна. Аймаг сумууд цагдааг дагуулж очоод портор айлын гадаа зогсоогоод одоо нүү гэсэн асуудал гаргадаг. Цагдаагийн байгууллагуудад отор малчдыг нүүж туухгүй байлгах үүрэг чиглэл өгөх хэрэгтэй байна. Малчид өвөлжит, хаваржилт хүндрэхтэй холбоотойгоор нэг зүйлийг ярьж байна. Махны экспортыг нэмэгдүүлж өгөх. Шадар сайдын мэдээлэлд 40.000 тонноор нэмэгдүүлж байгаа нь зөв зүйтэй алхам. Цаашдаа махны экспортыг нэмэгдүүлэх, өнөө өглөө мөнгөний бодлого ярихад ч Монгол банкны ерөнхийлөгч дэмжих хандлагатай байсан. Махны экспортыг нэмэгдүүлэхэд мөнгөний бодлогын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудал дээр анхааръя гэсэн бодолтой байгаа. Цаашдаа махны экспортыг квотгүй болгож болохгүй юу?
- Өвөрхангай аймаг дөрвөн улсын нөөцийн салбартай энд тодорхой хэмжээний өвс тэжээлийн нөөцтэй болох тал дээр дэмжлэг үзүүлмээр байна. Өөрсдөө өвс бэлдэж байгаа. Дөрвөн нөөцийн салбар дээр өвсөө хадгалъя гэхээр зөвшөөрөл олгохгүй байгаа. Энэ тал дээр онцгой комиссын шугамаас Шадар сайд орон нутаг руу чиглэвэл, орон нутгууд өөрсдөө бэлдсэн тэжээлийг тэр аймагт байгаа нөөцийн салбаруудад хадгалах, нөөцлөх боломжийг олгож өгөх нь зүйтэй гэж бодож байна.
Түүний асуултад Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариуллаа.