2020.10.08

Х.Болорчулуун: Монгол улсын зээлийн дээд хязгаар хэтэрсэн үү?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
  1. Японы засгийн газраас авч байгаа зээлийн хэмжээ их юм. Монгол улсын зээлийн зээлжих өрийн тааз энэ зээл орж ирэхэд хэдэн хувьд хүрч байна вэ? Хуучин бид зээлийн дээд хязгаар 45-46 хувь байх ёстой гэж ярьдаг байсан. Миний тооцоолсноор зээлийн өрийн хэмжээ хамаагүй хэтрээд явсан гэж үзэж байна. Монгол улсын өр зээл 30.8 тэрбум болчихлоо.
  2. 8 жилийн өмнө 23 тэрбум долларын өртэй байсан. Дунджаар жилд 1 миллиард долларын өр нэмэгдэж байна. Гадны зээлээр төсвийн дутагдлаа нөхөж байна. Гэтэл нэг талаараа халамж гэж мөнгө их тарааж байна. Хүүхдийн мөнгө ирэх 2021 оны эхний хагас жилд 720 тэрбум тараах гэж байна. Миний хувьд ялангуяа хүүхдийн мөнгийг хавтгайлж тараахыг эсэргүүцэж байгаа. Зорилтод бүлэг, олон хүүхэдтэй эхчүүдэд олгох байдлаар өгвөл зохилтой. Хавтгайруулж мөнгө тараагаад эргээд төсвийн алдагдлаа гадны зээлээр нөхөөд байвал энэ улс юу болох вэ? 
  3. Японы зээлийг шууд тус засгийн газраас өгч байна уу, олон улсын валютын сан зохицуулж,  тэр хүрээн дотроо зээл олгож байна уу?
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
  1. Өрийн хязгаар бол хязгаар дотроо байгаа. Тухайлбал 2016 онд Монгол улсын Засгийн газрын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өнөөгийн үнэ цэнээрээ дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8 хувьтай байсан. Одоо энэ нь 55.6 хувьтай болж буурсан. Хуулиар олгогдсон өрийн хязгаар 75 хувь. Бид нар 20 функцийн зөрөө байгаа. 
  2. Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлээд авч байгаа зээл биш. Анх олон улсын валютын сантай хөтөлбөр тохирохдоо Японы засгийн газраас жил бүр гурван жил дараалаад 283 сая доллар авахаар гэрээ хийсэн. Үүнээс бид гурван жил гээд үзэхээр 810 орчим сая доллар авна гэж хийсэн. Бид нэг л удаа 283 сая долларыг авсан. Үлдсэн 560 гаруй сая долларыг аваагүй. Бид цар тахалтай холбоотойгоор хэмжээг нь бууруулаад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч байгаа юм. Валютын сантай тохирсон хэмжээний мөнгийг аваагүй гэдгийг онцолж хэлье.
  3. Энэ нь Японы засгийн газраас олгож байгаа зээл юм. Өрийн тал дээр Засгийн газар онцгой анхаараад явж байгаа. 
Сангийн сайдын хариултын дараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төсөлтэй холбоотой санал хэллээ.

Гэхдээ цаашдаа энэ өрийг Монгол төгрөгөөр биш, гадаад валютаар эргэн төлнө. Жил тутам Монгол төгрөгний ханш дунджаар унаж байгаа. Гадаадаас валютаар авсан зээл бага хүүтэй юм шиг мөртлөө цаашдаа мөнгөний уналтаар валют тодорхой хэмжээгээр өр өсгөөд явна. Тэгэхээр гадаад зээлээс татгалзаж өөрсдийнхөө боломжийг ашиглаж ажиллах тал дээр Засгийн газар, Сангийн яам сайн ажиллаасай гэж хүсч байгаа юм.