2020.10.09
“Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, хөтөлбөрүүдэд хийсэн хяналт-шижилгээ, үнэлгээний дүнтэй хуваарийн дагуу танилцаж байгаа бөгөөд “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 447 дугаар тогтоолоор батлагдсан “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр нь 2016-2025 онд хэрэгжих бөгөөд 2020 оны 10 дугаар сараас уг хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил эхлээд байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд багагүй ажлууд хийгдэж байгаа хэдий ч хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эхний шатны хэрэгжилтийн хяналт-шинжилгээ үнэлгээний дүнд түшиглэн, шаардлагатай гэж үзвэл 2020-2025 онд хийж хэрэгжүүлэх чиглэлээ шинэчлэн тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэх боломжтойг дурдаад хүн амын хоол тэжээлийн чиглэлээр гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд эргэн хяналт тавих ажлыг харьяа байгууллагуудтай хамтран байнга хийж байхыг үүрэг болгов".
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг үндэсний хэмжээнд хийгддэг “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаа, Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа , Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаа зэрэг судалгааны дүнг эх үүсвэр болгохоор тусгасан байна.
2017 онд хэвлэгдсэн судалгааны дүнгээр 2020 оны зорилтот түвшинд хүрсэн байна гэж үнэлэх нь учир дутагдалтай тул хяналт, үнэлгээ хийх аргачлалаа шинэчлэн, нөхцөл байдалд тохируулан ажиллах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгөв.