2020.12.16

Б. Саранчимэг: Дотоодын махны үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудалд хэр анхаарч байна вэ?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа:

Мах экспортлогч компаниудад тулгарч байгаа асуудал бол тээврийн асуудал байна. Махны экспортын хэдэн хувь нь төмөр замаар тээвэрлэгддэг вэ? Монгол Улсад шаардлага хангасан ачааны вагон хэд байдаг вэ? Цаашдаа төмөр замаар мах тээвэрлэх нь ашигтай, баталгаатай гэж үзэж байгаа учраас энэ талаар тогтоолынхоо төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. 

Ажлын санал дүгнэлтэнд махны экспортын талаар болон экспортын зөвшөөрөлтэй 13 үйлдвэрийн асуудлын талаар тусгасан байна. Харин дотооддоо мах бэлтгэдэг, махны үйлдвэрлэлийн талаар хэдхэн тоо дурдсан байгаа учраас цаашдаа махны үйлдвэрлэл дээр тулгамдагдаж байгаа асуудлуудыг ярьж, бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай байгаа тиймээс энэ орхигдож байгаа асуудал дээр ажлын хэсэг ямар тайлбар өгөх вэ?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Тээвэрлэлтийн асуудал дээр БНХАУ-ын гааль, хорио цээрийн байгууллага хоорондын хэлэлцсэн асуудлын хүрээнд итгэмжлэгдсэн байгууллагаар тээвэр хийлгэх шаардлага тавьсан. Итгэмжлэгдсэн долоон ААН-ийн 30 гаруй бүрэн тээвэрлэгдсэн хэрэгслээр махны экспорт тээвэр хийгээд явж байгаа. Төмөр зам, агаарын тээвэрээр тээвэр хийх боломжийг судалж байна. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэмэлт тодотгол хийлээ.

Мах экспортлогч компаниудад тулгамдаж байгаа асуудлын нэг нь махаа зөөвөрлөдөг итгэмжлэгдсэн тээврийн хэрэгслүүд байгаа. Үүн дээр төмөр замаар тээвэрлэх тал дээр тогтоолын төсөлдөө тусгаж өгнө үү. Орон нутаг дахь мах бэлтгэл болон мах үйлдвэрлэгдчийн асуудал орхигдсон байгаа. Энэ тал дээр ажлын хэсэг тодорхой хариултаа өгнө үү?