Үйл явдал2 мин унших
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.01) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг аймаг, нийслэл, хотын хэмжээнд ганцхан мэргэжилтэн хариуцан ажиллаж, сум дүүрэг, тосгоны хөдөө аж ахуйн тасгийн албан тушаалтныг үүрэгжүүлж өгөөгүй байгаа нь улс орон дамнасан цар тахал, хотжилт, хүн амын төвлөрөл, хүнснээс шалтгаалан гарч буй эрсдэлтэй харьцуулбал маш хангалтгүй үзүүлэлт юм.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-209 тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг тогтоож өгсөн ба эдгээр байгууллагад ажиллаж буй 427 албан хаагчийн 21 нь буюу 4.9 хувь нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны асуудлыг хариуцан ажиллаж байна. Монгол Улсын 21 аймгийн 335 сумдын хөдөө аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо, мэргэжилтний судалгаанаас үззхэд нийт сумдын 50 хувь нь хүнсний хангамж, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнгүй, мал аж ахуй, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн дүүргүүдэд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байдаггүй аж.
undefined
