Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
2020.12.17

Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлт нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн гаэар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Энэхүү хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байна. Иймээс нөхцөл байдалтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газраас санаачилж, Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг болно хэмээн тооцжээ.