2021.01.07

Х.Нямбаатар: Процессийн хэм хэмжээнд буцаан хэрэглэх ойлголт гэж байдаггүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэж орсон. Конвенцээр Монгол Улс ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр оролцогч улс бүр өөрийн нийтийн албан тушаалтанд чиг үүргээ гүйцэтгэхэд нь олгосон аливаа дархан эрх буюу хуулийн харъяалалын давуу эрх ба энэхүү конвенцийн дагуу тогтоосон, гэмт хэргийг шаардлагатай тохиолдолд үр дүнтэйгээр мөрдөн шалгах, яллах, ийм хэрэгт шүүхийн шийдвэр гаргах боломжийн хооронд зохих тэнцвэрийг эрх зүйн тогтолцоо болон Үндсэ хуулийн зарчимдаа нийцүүлэн тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох бүх арга хэмжээг авна гэж заасан.

2017 оны 7-р сарын 1-ээс өмнө ямар эрх зүйн дэглэм тогтож байсан талаар манай гишүүд нийтээрээ нэг ойлголтод хүрэх ёстой. 7-р сарын 1-ээс өмнө бол тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хариуцлагад татагдах хүртэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан. 7-р сарын 1-ээс хойш ямар шинэ зохицуулалт орж ирсэн гэхээр тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш, шүүхийн шийдэх тогтоол гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог болсон. Үүнээс ямар сөрөг үр дагавар гарч ирсэн гэхээр аливаа хэрэгт шийтгүүлэх гэж байгаа иргэн эрүүгийнхээ процессийг удаашруулдаг, шүүх хуралаа хийлгэдэггүй, өмгөөлөгчөө сольдог ийм сөрөг үр дагаварууд гарсан юм. Манайд хангалттай хугацаа байсан.

Тухайлбал зарим төрлийн гэмт хэрэг дээр 10 жил хэрэг нь шийдэгдэхгүй явж байгаа тохиолдлууд байгаа. Сүүлд ямар өөрчлөлт орсон бэ гэхээр. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш тухайн хүнийг эрүүгийн хариуцлагад татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог болъё гэсэн зохицуулалт орж ирсэн юм. 

Авлигын эсрэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн хөөн хэлэлцэх хугацааг буцааж хэрэглэхгүй байхаар шийдсэн. Эрүүгийн эрх зүйд хоёр маргаантай асуудал байдаг. Энэ нь материаллаг хэм хэмжээ буюу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж болдог. 

Өөрөөр хэлбэл тухайн эрх зүйн харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх, ял шийтгэлгүй болгох ийм тохиолдолд буцаан хэрэглэдэг. Процессийн хэм хэмжээнд буцаан хэрэглэх ойлголт гэж байдаггүй. Эрүүгийн хуулийн 1.10 гэдэг бол материаллаг шинжтэй хэм хэмжээн дотор байгаа процессийн шинжтэй хэм хэмжээ юм гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр нотолсон байна.