Н.Ганибал: Дэлхийн зах зээлд мах, махан бүтээгдэхүүнийг гаргахад хэзээ бэлэн болох бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс "Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар" Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариултыг өглөө.
Асуулгатай холбоотой гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Бидний хувьд суурь бүтцээсээ эхлээд олон асуудал дээр өөрчлөлтүүд хийж байж гадаад худалдааны асуудал явна. Гадаад худалдааны асуудал орхигдоод, хаягдсан асуудлууд их байна гэж бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Үүн дээр шинээр зохион байгуулагдсан Засгийн газар энэ хагас жилийн хугацаанд гадаад худалдаа дээрээ ямар ажлыг хамгийн нэгдүгээрт барьж ажиллаж байна вэ?
ХАА салбар, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого нэг сиклээр явахгүй бол орхигдоод байгаа. Энэ асуудал дээр та бүхэн гадаад харилцаанд олон улсын хэмжээнд Монгол Улсын ямар бүтээгдэхүүн, ямар улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болсныг тодорхойлоод, жагсаалтыг нь гаргаад ямар салбаруудад чиглэл өгч байна вэ?
ХАА салбарт хамгийн нэгдүгээр бүтээгдэхүүн бол мах байдаг. Махны асуудал дээр гадаад харилцааны талаас ойлгомжгүй асуудлууд байдаг учраас гацалт үүсээд байдаг. Салбарын яам бусад улс орны яамдуудтай харилцах юм уу, гадаад харилцааны яам нь энэ асуудлаа бариад явах уу, эсвэл мэргэжлийн хяналтын байгууллага яриад явах ёстой юм уу? Ингээд асуудлууд нь тодорхойгүй Монголын гадаад худалдаанд оролцох байгууллагууд нь өөрсдөө хүч муутай, энд тэнд асуудал нь хуваагдсан байдлаасаа болоод өнөөдрийг хүртэл гацалт үүсэж байгаа юм.
Хамгийн гол асуудал болох Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, дэлхийн худалдааны байгууллагын хорио цээрийн асуудлууд өнөөдрийг хүртэл гацсан байдалтай явж байна. Энэ асуудлууд дээр хэрхэн ажиллаж байна вэ? Хэзээ шийдлүүд нь гарч Монгол Улсын мах махан бүтээгдэхүүн эцсийн байдлаараа дэлхийн улс орнуудад гарах боломжоор хангагдах вэ?
Худалдааны энэ үйл ажиллагаа буруу явж байгааг тоон мэдээллээр харж байгаа. ОХУ-д жилд 1.5 тэрбум ам.долларын өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн импортолдог. Харамсалтай нь 50-хан сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог.
Түүний асуултанд Гадаад хэргийн сайд Н.Энхтайван хариуллаа.
Гадаад харилцааны суурь бүтэц дээр хангалтгүй байгаа гэдэг дээр бүгд санал нэг байна. Миний бие Гадаад харилцааны үүргийг хариуцаад зургаан сар болж байна. Гадаад харилцааг ямар түвшинд, яаж сайжруулах тал дээр онцгой анхаарч байна.
Энэ хүрээнд хоёр том ажлын нэг нь Гадаад харилцааг зохицуулах хуультай болгоё. Хоёр дахь том эрх зүйн баримт бол сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд худалдааны бодлогогүй явж иржээ. Худалдааны бодлого боловсруулах ажил маш эрчимтэй явуулж байгаа. Ойрын хугацаанд Засгийн газарт оруулж танилцуулах бэлтгэл ажил явагдаж байна.