Лаборатори 151 дүгээр сургууль эрүүл, хүмүүнлэг, ажилсаг монгол хүүхэд бэлтгэх зорилт дэвшүүлжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд энэ амралтын өдрүүдэд ажиллав. Энэ сургууль 2020 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Эрүүл чийрэг, хүмүүнлэг, ажилсаг монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилт тавьжээ. Зорилтоо биелүүлэхийн тулд Аварга дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Өмнө нь хүүхдэд бие бялдрын хөгжлийн таван чанар буюу хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан чанар олгохыг зорьдог байсан. Харин орчин цагт бие бялдрын хөгжлийн 12 чадвар олгох стандарт олон улсад нэвтэрчээ. Яг энэ чиглэлээр Унгар улсад суралцаад ирсэн Энхтүвшин багш тус сургуульд ажиллаж байна. Энэ 12 чадварыг шингээсэн дасгал хөдөлгөөнүүдийг хүүхдийн насны онцлогт тохируулан боловсруулжээ.
Тус сургуулийн нэвтрүүлсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж мөн анхаарал татаж байлаа. Сурагчид аяга хэрэглэлгүй, ам хүргэлгүй цэвэр ус уух боломжтой суурин төхөөрөмж энэ сургуульд зургаан ширхэг байна. Цар тахлын үед ариун цэвэр сахих, халдвар тархахгүй байх боломжийг үүгээр бүрдүүлжээ. Энэ шийдлийг бусад сургуульд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийнэ.