Ц.Мөнхцэцэг: Албан тушаалтнуудын авлига авах боломжийг хааж, иргэдэд тэгш боломж олгохын төлөө ажиллана
Эх сурвалж. Өдрийн сонин
Сэтгүүл Б.Номин-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-д Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулахад хэрхэн анхаарч байгаа вэ?
-УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг нэгтгэн Шүүхийн багц хуулийг баталсан. Энэ хууль нэлээд урт хугацаанд хэлэлцэгдэж, багагүй саад бэрхшээлийг давж хэрэгжиж эхэллээ.
Хууль зүйн байнгын хороогоор 18 цаг хэлэлцсэн нь парламентын түүхэн дэх хамгийн олон цаг хэлэлцсэн төсөл болсон. Бас Шүүхийн тухай хуулинд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ дийлэнх олонхын саналаар хүлээж аваагүй. Монгол Улсад шударга ёсны засаглалыг хэрэгжүүлэх, хараат бус шүүхийг бий болгох тогтолцооны шинэчлэл хийх чухал хууль тул УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүрэлдэхүүнд УИХ-ын дөрвөн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүхийн төлөөллүүд ажиллаж байна.Шүүхийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш гол ажлууд эхлээд явж байна.
-Тухайлбал?
-Энэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилгооны сонсгол хийж томилохоор заасны дагуу эдгээр гишүүдийг сонгон шалгаруулах процесс эхэлсэн. Хууль зүйн байнгын хорооноос "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам" -ыг баталсан. Энэ журам энэ сарын 10-нд УИХ-ын цахим хуудаст тавигдсан.
Хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байх болон бусад холбогдох шаардлага хангасан иргэд энэ сарын 31 хүртэл нэр дэвших хүсэлтээ өгөх юм. Шүүгчийг шилж, олох, шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог ингэж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох нь Монгол Улсын хувьд анхны тохиолдол болж байгаа юм.
Харин өнгөрсөн жилүүдэд энэ томилгоо хаалттай, нэг субьектийн нөлөөн дор байж ирсэн. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох ёстой. Үүний тулд ирэх долдугаар сарын 1-н гэхэд Монгол Улсын нийт 500 гаруй шүүгчид хуралдаж Нийт шүүгчийн чуулганаа хийх юм.
-УИХ-д Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан. Энэ бүлэг авлигатай хэрхэн тэмцэх вэ. Авлигатай тэмцэхэд хаанаас эхлэх юм бэ?
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан “Авлигын эсрэг бүлэг” бай-гуулагдаад гишүүдэд миний бие болон Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Т.Доржханд, С.Одонтуяа нарын гишүүд ажиллаж эхлээд байна. Манай бүлэг авлигын эсрэг тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, авлигын эсрэг үйлчилж буй хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын болон бүс нутгийн парламентуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, авлигын эсрэг санаачилгатай ажиллах явдал.
Бид ажлаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихаас эхэлж байгаа. Энэ хүрээнд Ж.Сүхбаатар гишүүн болон миний бие Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэгт орж ажиллаж байна. Монголын нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоох, шударга ёсны хэрэгжилтийг хангах гол хуулиудыг хэрэгжүүлэх нь Шүүхийн тухай хуулиас эхлэх нь чухал байгаа юм. Шүүх засаглал хараат бусаар ажиллаж чадахгүй, шүүхийн шатанд хүний эрхийг зөрчих, хууль зөрчих ноцтой алдаа гарч байгаа нь иргэн Т.Чимгээгийн жишээн дээрээс харагдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой атал эрүүдэн шүүж хэргийг хүлээлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаад бид анхаарал тавин ажиллах болно. Иргэн Т.Чимгээгийн хэрэг дээр Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай гэх мэт хэд хэдэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд зөрчигдсөн байх магадлалтай байна.
Тиймээс хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тал дээр Авлигын эсрэг бүлгийн гишүүдийн олонх нь УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажилладгийн хувьд онцгойлон ажиллана.Цаашид манай бүлэг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар төсвийн хяналтаас гадуур их хэмжээний мөнгийг хяналтгүй юмуу цөөн хэдэн удирдлагын хүний хүрээнд захиран зарцуулдаг, төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, ах дүү хамаатан саднаа албан тушаалд томилдог байдлыг халах чиглэлд анхааран ажиллана.
Өнөөдөр Монголд төрийн өмчийн 500 гаруй компани байдаг. Тэдгээр нь 360 тэрбум төгрөгийн өртөгтэй. Эдгээрээс алдагдалтай ажиллаж байгаа компаниуд олон байгаа ч олон зуун сая төгрөгөөр хэдэн дарга нар нь бие биенээ шагнаж урамшуулдаг зүй бус байдлыг халах ёстой.Авлигын эсрэг бүлгийн зорилгыг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл албан тушаалтнуудын авлига авах боломжийг хааж, иргэдэд “тэгш боломж” олгохын төлөө зүтгэх явдал юм.
-Та Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна.
Т.Чимгээг шүүхээр шалгагдаж байх процессийн шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой.
Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө. Ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад зарим баримтууд ил болсон мөн Засгийн газрын тогтоолоор эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна.
Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч дахин олны анхааралд орууллаа. Тийм учраас УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрх зүйн арга хэмжээнүүдийг авах болно.
-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганаар Боловсролын тухай хуулийг хэлэлцэнэ. Боловсролын тухай хуульд ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?
-Дэлхийг хамарсан цар тахлын хүндрэл хамгийн хүндээр тусч буй салбар бол яах аргагүй боловсрол. Теле болон цахим хичээлүүд орж байгаа ч хүүхэд бүрт хүртээмжтэй, чанартай байж чадахгүй байна. Хөдөө орон нутгийн болон интернэт, компьютергүй айл өрхийн хүүхдүүд цахим сургалтад орж чадахгүйд хүрсэн.
Энэ нөхцөлд боловсролын салбар цахим шилжилтийг хурдтай хийх, багш, сурагчдыг цахим хичээлд шаардлагатай тоног төхөөрөмж, интернэт орчноор хангах шаардлага тулгарч байна. Миний хувьд Боловсролын тухай хуулиар тогтолцооны томоохон шинэчлэл хийх ёстой гэж үздэг.
Ингэхдээ боловсролын чанар үр ашиг, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, боловсролын салбар дахь тэгш бус байдлыг арилгах санхүүжилтийн шинэчлэл зэрэг асуудлыг эн тэргүүнд шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.Монгол Улсын бичиг үсэгт тайлагдсан иргэдийн хувь, 1000 хүнд ногдох дээд боловсролтой иргэдийн хувь зэрэг боловсролын суурь үзүүлэлт сайн боловч суралцагчдын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар сул гэж тооцогддог. Дэлхийн банкны Хүний нөөцийн индексийн тооцоогоор Монгол Улсын хүний нөөцийн индекс 63 хувь байгаа нь гурван суралцагч тутмын нэг нь бүтээлч чадвар эзэмшээгүй гэсэн үг.
Мөн сургалтын чанар жил ирэх тутам буурч байна. Чанарын үнэлгээний шалгалтад бага оноотой хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байна. Өнөөгийн нөхцөлд ЭЕШ-ын тоон онооноос өөр сургуулиудын боловсролын чанарыг харьцуулах хөндлөнгийн үнэлгээ байхгүй, хичээлийн чанарыг явцад нь үнэлэх систем байхгүй нь ихээхэн сөрөг үр дагавартай.
Англи хэлний хичээлийн жишээг үүнд дурдмаар байна. ЕБС-ийн англи хэлний хөтөлбөр нь 12 дугаар анги төгсөхөд B1 түвшинд хүргэх агуулгатай ч, төгсөгчдийн зөвхөн 10 хувь нь тухайн түвшинг эзэмшсэн байдаг. Иймээс боловсролын чанарыг дээшлүүлэх, явцын үнэлгээ, шалгалтын системийг шинэчлэх ёстой. Дараагийн нэг анхаарах асуудал нь ЕБС-ийн анги бүрийн хичээлийн тоо, танхимд үзэх цагийн ачаалал дэлхийн түвшнээс хэд дахин өндөр байгаа явдал. Тухайлбал, АНУ-ын 9 дүгээр ангийн сурагч есөн төрлийн хичээл үзэж байхад Монгол Улсын 9 дүгээр ангийн сурагч 18-19 хичээл үзэж байна. Бусад ангиудын хувьд ч мөн ийм ялгаа байгаа. Дунд, ахлах ангид сурагч бие даан хичээл үзэх, сонирхож буй чиглэлээр гүнзгийрүүлэн сонгон суралцах боломж тааруу, хэтэрхий универсаль, олон төрлийн хичээлийг өнгөцхөн үзэж байгаа нь асуудал. Энэ нь багш нарт мөн адил ачаалал үүсгэж байна.
Багш нарын ачаалал өдрийн 9-11 цаг байгаагаас гадна багш нар үндсэн ажлаас гадна олимпиадад бэлтгэх, удирдлагын илтгэл бэлтгэх, эцэг эхийн судалгаа хийх, сурагчдын дүрэмт хувцас хэмжээ оруулах, тайлан мэдээ гаргах зэргээр 419 төрлийн ажлыг хийж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ийм өндөр ачаалалтай ажиллаж байхад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтууд нь өнөөгийн цаг үеийн хурд, технологийн хөгжил, багшлах ур чадварыг сайжруулахад учир дутагдалтай.
Тиймээс бид багшийн хөгжил, багшийн ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллыг сайжруулах зохицуулалтыг хуульд суулгах ёстой.Үүний тулд төсвийн зарцуулалтыг оновчтой хуваарилах шаардлагатай. Монгол Улс боловсролын салбартаа нэгдсэн төсвийн зарлагын 15-18 хувийг зарцуулж байна.Энэ нь дэлхийн дундажтай ойролцоо юм. Гэвч хөрөнгө оруулалтын зардлын 80 орчим хувийг нь сургууль, дотуур байр зэрэг барилга байшинд зарцуулдаг. Багшийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын тоног төхөөрөмжид маш бага мөнгө зарцуулж ирсэн. Тиймээс санхүүжилтийг шинэчлэх, оновчтой болгох ёстой.
-Та боловсролын хэлэлцүүлгүүд дээр боловсролын тэгш бус байдлын талаар нэлээдгүй дурдаж байсан. Энэ тухайд?
-Монголын боловсролын салбарт тэгш бус байдал газар авсан.Хот хөдөөгийн сургуулиуд, улсын бо-лон хувийн хэвшлийн сургуулиудын хооронд сургалтын чанарын ялгаа ихэд нэмэгдэж, жил ирэх тутам ЭЕШ-ын оноо сурагчдын эцэг эхийн орлогын хооронд шууд хамааралтай болсоор байгаа нь туйлын харамсалтай зүйл. Өөрөөр хэлбэл, хэн мөнгөтэй нь хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх боломжтой болж байгаа нь цаашид нийгмийн тэгш бус байдал, анги давхаргын ялгааг гүнзгийрүүлэх аюултай юм.
Сүүлийн 30 жилд боловсролын салбар, тэр дундаа ЕБС бизнес болж хувирсан. Хувийн сургуулиуд төрөөс хувьсах зардал авдаг боловч сургалтын төлбөр нь нийгмийн дундаж хэсгийн орлогоос давсан өндөр төлбөртэй байна. Уг нь бол боловсролын талаарх олон улсын бодлого, хөтөлбөрүүдэд боловсрол ашгийн бус байхыг гол болгодог. Олон улсын “Бүх нийтэд боловсрол олгох, боловсролын салбар дахь хувийн хэвшлийн оролцоог зохицуулах тухай улсуудын хүлээх хүний эрхийн үүргийн талаарх суурь зарчмууд” хэмээх Абижаны баримт бичигт “Улсууд нь өөрийн харьяалалдаа байгаа хүн бүрд хүрч болох хамгийн дээд түвшний чанартайгаар үнэ төлбөргүй нийтийн боловсролыг аль болох үр дүнтэй, түргэн шуурхай боломжит бүх нөөцөө дээд зэргээр зориулан олгох ёстой” гэж заасан байдаг. Тийм учраас 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Хувийн цэцэрлэг, сургуулийг ашгийн, ашгийн бус гэдгээс хамаарсан бодлого хэрэгжүүлж, ашгийн бус сургалтын байгууллагыг бодлогоор дэмжинэ” гэж заасан.
Олон улсын дээрх зарчмууд болон сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтын дагуу Боловсролын тухай хуульд ашгийн бус сургалтын байгууллагыг дэмжих, хувийн өмчийн сургалтын талаар явуулах бодлогыг олон улсын болон өөрийн улсын онцлогийг харгалзан шинэчлэх, боловсролын үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх зарчмаар өөрчлөх болно.
Төр, хувийн хэвшлийн сургуулиудын хооронд сургалтын хөтөлбөрийн ялгаатай байдлаас үүдэж, ЭЕШ-ын онооны зөрүү зарим хичээлүүд тухайлбал, англи хэл, байгалийн ухааны хичээл дээр ялгаа гарах болсон. Жишээлбэл, төрийн өмчийн сургууль төгсөгчдийн англи хэлний ЭЕШ-ын дундаж оноо 497 байхад, хувийн хэвшлийн сургуулиудынх 591 буюу хамгийн их зөрүүтэй байна. Энэ нь англи хэлийг анхлан үзэх нас, англи хэлний сургалтын орчин, багшийн үйл ажиллагаатай холбоотой.
-Түүнчлэн хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхээр байсан. Улс төрийн намын тухай хуулийн голлох өөрчлөлтүүдээс дурдахгүй юу?
-УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг боловсронгуй болгох чухал алхмуудыг хийсэн. Үндсэн хуулиар улс төрийн намд улс төрийн болон санхүүгийн хариуцлага хүлээлгэж төрийн бодлогод хувь нэмэр оруулах, санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнадаг байх, дотоод ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг байх үүргүүдийг улс төрийн намд ногдуулсан юм.
Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батлах юм. Энэхүү хуулиар улс төрийн намын бүтэц үйл ажиллагаа, нийгэмд гүйцэтгэх үүрэг, санхүүжилт, хариуцлагыг цоо шинээр зохицуулна. Тухайлбал, өдгөө үйлчилж буй 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулинд Улс төрийн намд нийгмийн өмнө ямар нэг үүрэг ногдуулаагүй байсан бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ардчиллыг бэхжүүлж хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцох, хэрэгжүүлэх, улс төрийн алба хаших хариуцлага хүлээх чадавхтай иргэнийг бэлдэх зэрэг үүргүүдийг улс төрийн намд ногдуулна.
Улс төр дэх мөнгөний нөлөөг багасгах, хөрөнгө мөнгөтэй этгээд намын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлдгийг зогсоох, намын санхүүжилтийг ил тод, хариуцлагатай болгох заалтууд орно, төсвөөс улс төрийн намд олгох санхүүжилтэд тавих хяналт, зарцуулалтыг тодорхой болгоно. Олон улсын жишгээр намд олгож буй санхүүжилтийн зарцуулалтад тодорхой чиглэлээр квот тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнд гишүүд, дэмжигчдийн болон иргэд сонгогчдын улс төрийн боловсролд, намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаанд гэх мэтээр зарцуулалтын зорилтуудыг зааж өгөх юм.
Ингэж зохицуулахгүй бол улс төрийн нам хөрөнгө мөнгөтэй цөөн хүмүүсийн хаалттай бүлэг болж хувирах эрсдэлтэй байгаа нь АН-ын жишээн дээрээс харагдаж байна. АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийг 24 цагийн дотор 93.8 сая төгрөгийг намдаа тушаах болсон нь хөрөнгө мөнгөний том босго болж буй явдал юм.Тиймээс Улс төрийн намын тухай хуулиар намын дотоодын аливаа сонгуульт албан тушаал болон бүх шатны сонгуульд нэр дэвшихийн тулд намд мөнгө хандивлах явдлыг хориглоно.