Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх талаар төрийн нарийн бичгийн дарга нартай санал солилцлоо
УОК-ын X дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны баасан гаригт болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож, хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
Мөн Өмнөговь, Дорноговь аймаг руу орох зорчих хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоож, буяны ажил, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл болон өвс, малын тэжээлийн тээвэрлэлтийг зөвхөн УОК-ын Шуурхай штабаас олгосон зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлнэ. Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.
Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүллээ. Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. Мөн томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа