ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар цагдаа, дотоодын цэргийнхэнтэй уулзлаа
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидтай уулзлаа.
Уулзалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, газар, хэлтсийн удирдлагууд болон 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид онлайнаар оролцлоо.
Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны 99 жилийн ойн мэнд хүргээд, ХЗДХЯ-наас цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулах, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч бодит алхам хийх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа.
Тэрбээр, "Цагдаагийн албанд олон жил зүтгэсэн, чадвар, туршлагатай С.Баатаржав даргатайгаа гар нийлэн ажиллахаар болсон. Тиймээс цагдаа, дотоодын цэргийн байгууллагын асуудлыг шийдвэрлэх, бодлогын ажил хийхэд үр дүнтэй байна хэмээн итгэлтэй байна. Түүнчлэн миний бие иргэдтэй тулж ажиллаж буй хэсгийн байцаагч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг чанаржуулахад анхаарч ажиллах болно” хэмээв.
ХЗДХ-ийн Дэд сайд, Бригадын генерал С.Баатаржав, нийт бие бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн мэнд дэвшүүлээд, цагдаагийн албанд 30 жилийн турш ажиллах хугацаанд бүх талаар нь дэмжиж тусалсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлэв. Тэрбээр, "Цагдаагийн алба нэр төр, журамт үүрэг дээр тогтдог “Үнэний төлөө” итгэл үнэмшлийн алба.
Иймд хувь хүн амьдралдаа, ажилдаа хариуцлагатай, ухамсар, ёс зүйн өндөр шаардлагыг гагцхүү өөрийн төлөө бус нийт алба хаагчдын нэр төрийн төлөө хэмээн санаж яваарай. Миний бие Засгийн газрын шийдвэрээр Дэд сайдын албанд томилогдон ажиллахаар боллоо. Монгол төрийн шийдвэрийг хүндэтгэн хичээн ажиллах болно. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчдынхаа төлөө бүхий л чадлаараа дэмжиж, зүтгэх болно. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яамны бодлого чиглэлийг бодит, үр дүнтэй ажил болгоход бүх талаараа дэмжинэ” хэмээлээ.
Уулзалтын төгсгөлд аймаг, дүүргийн цагдаагийн газраас санал, хүсэлтээ илэрхийлж, шинээр томилогдон ажиллаж буй Сайд, дэд сайдад ажлын амжилт хүслээ.