Л.Оюун-Эрдэнэ: Насанд хүрсэн бүх иргэнээ дархлаажуулах вакцин худалдан авах гэрээ байгуулсан
2021.04.08

Л.Оюун-Эрдэнэ: Насанд хүрсэн бүх иргэнээ дархлаажуулах вакцин худалдан авах гэрээ байгуулсан

Монгол Улс насанд хүрсэн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний коронавирусний вакцин худалдан авах гэрээг үйлдвэрлэгч орнуудтай байгуулсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулахдаа дээрх мэдээллийг өгсөн юм.

Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 23-наас хойш вакцинжуулалтад хамрагдах насанд хүрсэн 2 сая хүний 26 хувийг дархлаажуулаад байна. Энэ нь нийт хүн амынхаа дунд эзлэх хувиар Азидаа тэргүүлэгчдийн эгнээнд орсон үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

Тэрбээр, “Вакцин үйлдвэрлэгч ихэнх орон экспортоо зогсоож, эхлээд дотоодынхоо хэрэгцээг хангах бодлого барьж байгаагаас дэлхий нийт вакцины хомсдолд ороод байна. Харин Монгол Улс энэ оны долоодугаар сарын 1 гэхэд насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулах томоохон зорилт дэвшүүлсэн. Израйль улс дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Тус улс эхний болон хоёр дахь тунгийн хооронд халдвар авах эрсдэлийг тооцсон тул халдварын тоог 95 хувиар бууруулсан. Харин Чили улс иргэдийнхээ 30 орчим хувийг эхний тунд хамруулсан ч халдвар хамгааллын дэглэмээ сахиагүй тул коронавирусний тоо буурахгүй байна. Тиймээс бид Израйльтай ижил жишгээр явах ёстой. Тиймээс ч 15 хоног хөл хорио тогтоох шийдвэр гаргаж байгаа” гэлээ.