Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
2021.04.20

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.20) хуралдаан 13 гишүүний ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдан, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг баталсан бөгөөд хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн төсөлд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан гэв. Мөн Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн өарааны тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, барааны тэмдэг ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгохоор зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын шинжтэй хоёр саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн, төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол, төслийн 3 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол, төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Мөн найруулгын саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.