ХЗБХ:  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021.04.27

ХЗБХ: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа онцолсон.

Мөн Ажлын хэсгийн зүгээс  хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс төслийн 29.2-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахад үйлчилгээний хөлс төлнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг татан авч байгаа мэдэгдлээ.

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.