"Номын өдөр” тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн төсөлд бүх нийтээр амрах тухай зохицуулалт байхгүй
2021.06.15

"Номын өдөр” тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн төсөлд бүх нийтээр амрах тухай зохицуулалт байхгүй

Хүн бүр цахим орчинд хариуцлагатай байж, мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авах, бусдад зориудаар буруу мэдээ, мэдээлэл түгээсэн хүмүүст хариуцлага ногдуулах тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. Жишээ нь "Номын өдөр” тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнийг "Номын баяр"-ыг амралтын өдөр болгон тэмдэглэх гэж байна гэж цахим орчинд буруу ташаа мэдээлэл түгэж, иргэд хэд хуваагдан маргалаа.

Харин энэ талаар тус хуулийн төслийг өргөн барьсан Б.Саранчимэг гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг бичжээ.

Тэрээр

"Номын өдөр” тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн төсөлд бүх нийтээр амрах тухай зохицуулалт огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Харин "Багш нарын өдөр”, “Эмч нарын өдөр”, “Усны өдөр” шиг  “Номын өдөр" нь ном уншихыг уриалах, хүмүүс өөрт байгаа номоо солилцох, өөрийн сонирхдог ховор нандин номоо олж унших, шинэ гарсан номны талаарх мэдээллийг олж авах, ном бүтээдэг, хэвлэдэг хэн бүхнийг уулзуулах буянтай өдөр болгохыг зорьж байгаа билээ. Цаасан ном унших нь стресс бухимдал ихтэй өнөөгийн нийгэмд хүний тархийг амраах, ой санамж оюуныг сэргээх, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, нүдийг амраах зэрэг олон эерэг ач холбогдолтой. Монголчууд бид технологи өндөр хөгжсөн 21-р зуунд хүүхэд залуучууд, иргэдээ гар утас, компьютерийн дэлгэцээс хэсэг хором ч гэсэн хол байлгах эерэг үр дагавартай оюуны гэгээн ажил юм.Энэ сайхан гэгээн оюунлаг ажлыг улс төрийн болон өөр бусад зорилгоор мушгин гуйвуулах оролдлого хийхгүй байхыг та бүхнээс хүсье.Номын арван цагаан буян дэлгэрэх болтугай.

хэмээн бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn