2021.06.23
Б.Бейсен: Вирус улс даяар тарсан үед хөл хорио үр дүнгүй
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.06.23/ боллоо. Хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонслоо.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
" Халдвар улсын хэмжээнд замбараагаа алдлаа. Эрдэмтдийн зөвлөл хөл хорио тогтоох санал гаргасан гэнэ. Вирус орон нутагт тарж, замбараагаа алдсан ийм үед хөл хорио одоо нэмэргүй. Харин вирусийн ямар хэлбэр гэдгийг нь эрдэмтэд яаралтай тогтоох хэрэгтэй. Хэлбэрийг нь оновчтой тогтоож байж эмчилгээ зөв хийгдэнэ.
Орон нутагт нөөц маш муу байна. Урамшуулал, дайчилгааны хөлсөө огт аваагүй. Засгаас мөнгө өгч байгаа боловч зохион байгуулалт дээр алдаатай. Илүү орон тоог цалинжуулахад урамшууллын мөнгийг зарцуулаад байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид туйлдлаа. Цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Спутник вакцин хэзээ ирэх юм. II дугаар тунгаа хийлгээгүй олон иргэд байна.
Баян-Өлгий аймгийн рентген аппарат одоо болтол очоогүй. Өвчлөл тарчихаад байхад аппарат нь байхгүй байж болох уу. Ажлын байран дээрээ халдвар авч гэртээ тусгаарлагдаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хасаж олгож болохгүй."
"Баян-Өлгий аймагт ковидоор нас барсан тохиодол гарсан.Гэтэл рентген аппарат одоо болтол очоогүй байна. Яаралтай явуулж өгнө үү. Түүнчлэн алслагдсан сумын төвд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл үнэхээр хангалтгүй байна. Энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. 400 гаруй хүн өвчтөн эмчүүлж байгаа эмнэлэгт, 80 ажилтнаа 14 хоногийн хугацаатай улаан бүсэд оруулж байна. Ийм нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх ёстойг дахин сануулъя. Эрдэмтдийн зөвлөл ковидтой холбоотой нас баралт, эсрэг биет сууж байгаа үгүйг судлах шаардлагатай."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn