Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.06) хуралдаан 09 цаг 08 минутад Улсын Их Хурлын 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны төсвийн төслийг Төсвийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Улсын Их Хурлын “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2021 оны 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийт 135.3 тэрбум төгрөг байхаар боловсруулсан байна. Үргэлжлүүлэн тэрбээр урсгал зардал; цалин хөлс, нийгмийн даатгалын зардал; хөрөнгийн зардлын төсөв болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардлын нэмэлт төсвийн талаар нэгбүрчлэн танилцуулав.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсан. Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах шаардлагын үүднээс тоног төхөөрөмжийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох зардлыг төсөвт тусгасан гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгч байв. Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хүрээнд орон тоог хэмнэж, үүнээс үүдэн төсөв, зардлын ямар хэмнэлт гарсныг Н.Учрал гишүүн тодруулахад “Шүүхийн салбар цахим шилжилтийн хүрээнд орон тоо хэмнэх боломжгүй. Монгол Улсын шүүх жилд 80 гаруй мянган хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Маргаан бүр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Шүүхийн талаар хүмүүс янз бүрийн мэдээллийн улмаас байр сууриа илэрхийлдэг ч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн судалгааны дүн бий. Зарим аймаг, сумдын шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр төсвийн төслийг боловсруулж, оруулж ирсэн. Одоогоор 41 шүүх Тамгын газрын байргүй байгаа. Харин энэ удаагийн төсвийн төсөлд гурвыг нь шийдвэрлэхээр тусгаж оруулж ирсэн” гэв. Сүүлийн долоон жилийн турш шүүхийн хөрөнгө оруулалтын зардлыг төсөлд огт тусгаагүй явж ирсэн, эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа ч зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж тодорхой асуудлуудыг төсөлд тусгасан гэдэг тайлбарыг хэлж байсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт орон тоо, барилга байгууламжийн зардлын төлөвлөлттэй холбоотой тодруулга хийж тайлбар авсан. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналуудыг төсвийн төсөлд тусган, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.