2021.08.26

Н.Учрал: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн зорилго нь иргэдийн эрх ашгийг хамгаалах юм

Монгол Улсын виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэглэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, эдийн засгийн эргэлт, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон олон улсын стандартад нийцүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

ВХҮҮ-ийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, бүртгэх ажил нь инновацийг дэмжих, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Хууль батлагдсанаар талуудын эрх, үүрэг, гэрээний стандарт тодорхой болж иргэд, олон нийт мэдлэг мэдээлэлтэйгээр тус салбарын үйл ажиллагаанд оролцож хохирлоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

“Дижитал хөрөнгө оруулалт, виртуал хөрөнгийн эдийн засгийн нөлөөлөл нэмэгдэх тусам дан ганц уул уурхайгаас хамааралтай манай улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх давуу талтай. Ер нь бол бид виртуал орчин гэдэг ойлголтыг бидний амьдарч буй биет нийгэмтэй “параллель” орших өөр нэгэн “хийсвэр нийгэм” гэж ойлгох учиртай. Тиймээс виртуал хөрөнгө ч гэсэн бидний амьдрал руу хүч түрэн орж ирж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хамгийн чухал зорилго бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах явдал. Энэ хууль батлагдсан ч эс батлагдсан ч энэ төрлийн үйл ажиллагаа Монголд хэдийнэ явагдаж виртуал хөрөнгийн дөрвөн бирж дээр 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ арилжаа болгоны цаана харилцагч, үйлчлүүлэгч, иргэд маань бий. Гэхдээ энэ арилжаанд орсон хүн бүр виртуал хөрөнгийн, эсвэл хөрөнгийн зах зээлийн 100% ойлголттой юу гэвэл ҮГҮЙ. Энэ хамгийн том асуудал.

Иргэдийгээ төрөл бүрийн цахим залилан, койн нэрийг ашигласан луйвраас хамгаалахын тулд хүссэн хүсээгүй энэ төрлийн харилцаанд хуулийн зохицуулалт шаардлагатай байна”.