Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажиллагсад Л.Энх-Амгалан сайдад талархал илэрхийллээ
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн өөрийн гэсэн байртай болж, тус хүрээлэнгийн ажилтан ажиллагсад салбарын сайддаа талархал илэрхийллээ.
1958 онд байгуулагдсан хэдий ч өнөөдрийг хүртэлх 60 гаруй жилийн хугацаанд өөрийн гэсэн байргүй явж ирсэн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн гуравдугаар сард танилцсан. Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ажилтан ажиллагсадтай нь уулзаж тулгамдсан асуудлуудыг нь сонсож, туслалцаа үзүүлэх боломжийг эрэлхийлнэ гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайд Ургамал Хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байрны асуудлыг шийдэж өгсөн талаар хүрээлэнгийнхэн өөрсдийн цахим хуудастаа нийтэлж, сайд болон салбар яамныхандаа талархал илэрхийлжээ.
УХЭШХ-ийн хамт олон
“Монгол улс, НҮБ-ийн ХХААБ-ын дэргэдэх Дэлхийн 200-аад улс гишүүнээр хамрагддаг хүн төрөлхтөнийг эрүүл чанартай хүнсээр хангах, бэлчээр, газар тариалангийн үйлдвэрлэлийг өндөр ашигтай удирдан хөгжүүлэх, хүний амьдрах орчныг хамгаалах, ургамал ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой “Олон улсын Ургамал хамгааллын конвенци” (International Plant Protection Convention) -ийн гишүүн орон төдийгүй хүн төрөлхтөн, Монгол үндэстний аюулгүй байдлын төлөө үүрэг хүлээсэн улс.
Гэтэл манай улсын хэмжээнд Ургамал хамгааллын буюу ургамлын эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлдэг цорын ганц бие даасан байгууллага болох УХЭШХүрээлэн нь 1958 онд байгуулагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл тусгай зориулалтын бүү хэл өөрийн гэсэн ажлын байргүй явсаар ирсэн.
Энэ асуудлаар бид ялангуяа сүүлийн 10-аад жил хүсэлт тавиагүй дарга, сайд, засгийн газар ч үлдээгүй. Ёстой нөгөө шувуу бүхэнд үг дайгаад, шуудан бүхэнд захиа дайгаад гэдэг шиг л явлаа.
Харин Одоогоос 6 сарын өмнө буюу 2021.03.13-ний өдөр БШУхааны сайд Л.Энх-Амгалан УХЭШХүрээлэн дээр ирж ажилласан.
Тэр өмнөх сайд дарга нар шиг дөнгөж орж ирээд, танилцсан болоод гарч яваагүй, хурлын танхимд бэлэгдлийн чанартай хурал уулзалт хийгээгүй, хүрээлэнгийн удирдлага, судлаач нартай уулзаж, бүх лаборатороор орж, бидний бүтээлтэй нэг бүрчлэн танилцаж, нүдээр харж, бидний хэлж ярих, танилцуулга бүрийг нэг бүрчлэн ач холбогдол өгч сонссон, бас биднээс нэлээдгүйг асууж тодруулж нягталж байсан, үнэхээр л ач холбогдол өгсөн, ажил хэрэгч ажлын өдөр болж өнгөрсөн нь саяхан.
УХЭШХүрээлэнгийн тулгамдсан асуудал болох үндсэн чиглэлийн дагуу тогтмол хийгдэж байх судалгаануудад суурь санхүүжилт байдаггүйгээс иж бүрэн судалгааны ажлууд тогтмол хйигдэж чаддаггүй, ХАА-н техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бодлого дэмжлэг байхгүй байгаа, хүний нөөц- боловсон хүчний хүрэлцээ дутмаг, хамгийн гол нь энэ чухал салбар одоог хүртэл “Улсын онцгой объект” байх ёстой хэдий ч өөрийн гэсэн ажлын байр ч үгүй 60 гаруй жил болсон, мөн төсөв санхүү муутай энэ хүнд нөхцөлд, цөөхөн хэдхэн эрдэм шинжилгээний ажилтнууд нь ёстой л сонирхолоороо, шинжлэх ухаанаа хөгжүүлэх чин сэтгэлдээ хөтлөгдөн судалгааны ажлаа хийсээр байлаа ...
2021.08.20-ний өдөр БСШУ-ны Сайд Л.Энх-Амгалан ёстой жинхэнэ чухал, түүхэн шийдвэр гаргаж БСШУЯамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгөөр, 85 хувийн гүйцэтгэлтэй баригдаж буй “Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхимын барилга” байгууламжийг УХЭШХүрээлэнд өгөхөөр болсонд манай хамт олон баяртай байна.
Эрдмийн цагаан буян оршиж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон олон шинжлэх ухааны бүтээл, технологи ундран гарах, эрдмийн их өргөөндөө судлаач бид морилох цагийг удахгүй та бүхэнтэй хуваалцах болноо.
МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУхааны Сайд Л.Энх-Амгалан танд болон танай хамт олонд маш их баярлалаа" гэжээ.