Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна
2021.09.10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна

 Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40,0 сая төгрөг олгохоор нэмэлт өөрчлөлт оруулсан.

Сүхбаатар дүүргийн хувьд 2021 оны 09 дүгээр сарын байдлаар 170 иргэн 8,1 тэрбум төгрөгийн нөхөх олговор нэхэмжилснээс 110 иргэнд 6,3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна. Хэлмэгдэгчдийн төрсөн болон үрчилж авсан үр хүүхдүүдэд нөхөх олговор олгох асуудлыг батлагдсан төсвийн хүрээнд насны ангиллын дагуу шат дараатайгаар олгож байна. Ардчилал, шударга ёс нь хөгжил дэвшилд хүргэх үнэт зүйл болохыг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын иргэд бид түүхийнхээ хуудсанд хараар тэмдэглэгдэн үлдсэн улс төрийн хилс хэргийн талаарх түүхийн үнэн мөнийг ойлгож хойшид аймшигт хэрэг дахин давтах ёсгүй гэдгийг ухамсарлан үеийн үед санаж явах учиртай.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлаар та бүхэн санал хүсэлтээ ирүүлбэл бид төрийн бодлого шийдвэрт тусгуулахаар уламжлах болно.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Гүнээ хүндэтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Б.Энхболд

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn