Үйл явдал3 мин унших
МҮЭХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй сургалт Завхан аймагт болж байна

Сэтгүүлч Erdenejargal
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Erdenejargal
МҮЭ-ийн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /ILO/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Малчдын эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ, хэлэлцээр, нийгмийн хамгааллыг дэмжих нь” төслийн сургалт Завхан аймагт эхэллээ.
Энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус сургалтад Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны идэвхтэн сонгуультан, Сумдын ҮЭ-ийн холбоо, анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч 20 гаруй хүн хамрагдаж байна. Цар тахлын улмаас Завхан аймгийн “Завхан мандал”, “Отгон” сумдын ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультнууд цахимаар оролцож байна.

Энэхүү төслийн зорилго нь малчдыг ҮЭ-ийн зохион байгуулалтад оруулж ҮЭ-ийн гишүүнчлэлийг өргөжүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулах, хамрагдалтыг өргөжүүлэхэд оршиж буй юм.
Тус сургалтад хамрагдсан Сумдын ҮЭ-ийн идэвхтэн, сонгуультнууд өөрийн сум орон нутгийнхаа малчдын хөдөлмөрийн хүрээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалахад томоохон хувь нэмрээ оруулна хэмээн төсөл санаачлагчид үзэж буй юм.

Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Ковид-19 цар тахлын хүндхэн цаг үед МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаа, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургалт, сурталчилгаа түүнээс хүлээж буй үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Мөн энэ үеэр Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц цар тахлын хүнд цаг үед Завхан аймгийн малчдад чиглэсэн сургалт арга хэмжээг зохион байгуулж байгаа МҮЭ-ийн холбоо, ОУХБ-д талархаж буйгаа илэрхийлээд аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа малчдын нийгмийн хамгааллын талаарх тайлан мэдээллийг танилцууллаа.
Сургалтын эхний өдөр оролцогчдод Үйлдвэрчний эвлэл (ҮЭ) гэж юу вэ, хэрхэн байгуулах вэ, МҮЭ-ийн гишүүн байхын давуу тал, ҮЭ-ийн хорооноос хийх хэрэгжүүлдэг ажил, “Хамтын гэрээ”-ний агуулга, түүнийг байгуулах үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжууд (Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль)-ыг танилцуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулж буй гаднын орны туршлага (Видео) илтгэл хичээлүүдийг МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгаалал бодлого төлөвлөлтийн газрын дарга, тус сургалтын чиглүүлэгч М.Нямдаваа танилцуулах юм.