Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна
2021.09.24

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна

Нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажил, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсан бөгөөд 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг сайтар боловсруулах шаардлагатай, энэ хүрээнд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29 хүртэл сарын хугацаанд иргэдээс санал авах юм. Мөн Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллана.

Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, "Улаанбаатар 2040" Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөх боломжтой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм.