С.Ламбаа, Д.Дондог нар Төв аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Дондог нар 2009 оны долдугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлэгийн ажилтнуудтай уулзаж, санал солилцов.
Төв аймагт Нэгдсэн эмнэлэг нэг, сумын эмнэлэг 26, өрхийн эмнэлэг дөрөв, ортой хувийн эмнэлэг хоёр, эм ханган нийлүүлэх байгууллага нэг хувийн эмийн сан 18, рашаан сувилал гурав, бүгд 59 эрүүл мэндийн байгууллагад 1013 хүн ажиллаж байна.
Оны эхний зургаан сарын байдлаар амбулаториор 127 мянган хүн үзсэний 40 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт, 43 хувь нь өвчний учир анхан болон давтан үзлэгт, бусад эмнэлэгийн хяналт, гэрийн үзлэг, дуудлага эзэлж байна. Эмнэлэгт 8654 хүн хэвтэж эмчлүүлэн, нийтдээ 71 мянган ор хоног ашигласан бөгөөд дундаж ор хоног 8,2 байна.
Түргэн тусламжийн дуудлагаар 10,200 хүнд үйлчилжээ. Одоо аймгийн хэмжээнд түргэн тусламжийн гурван машин шаардлагатай байгаа тул энэ тал дээр туслалцаа үзүүлэхийг Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат УИХ-ын гишүүдээс хүслээ. Энэ хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхөө Эрүүл мэндийн сайд мэдэгдэв. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгийн их засварын асуудлыг шийдэж өгөхийг аймгийн Засаг дарга хүссэн. Урьд нь Эрүүл мэндийн салбарын хөгжил-3 төслийн хүрээнд их засварын ажлыг хийхээр төлөвлөсөн боловч явцын дунд өөрчлөлт орсноор орхигдсон юм байна. “Одоо нэгэнт батлагдсан ЭМСХ-3 төслийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжгүй учраас ирэх жилийн улсын төсөвт суулгах нь үр дүнтэй” гэж Эрүүл мэндийн сайд хэллээ. Хамгийн гол нь зураг, төсвөө шинэчлээд яаралтай ЭМЯ-д ирүүлэхийг аймгийн Засаг дарга Ц.Энхбат, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Алтанцэцэг нарт Эрүүл мэндийн сайд үүрэг болгов.
Өнгөрсөн жил жил Төв аймгийнхан Цэнгэлдэх хүрээлэнгээ шинэчлэн засварлаж, улсын хэмжээний төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион явуулах бүрэн боломжтой болсон ажээ. “Одоо гүйлтийн резинин зам тавьчихвал хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймаг орон нутагтаа хүлээн авах боломж бүрдэх юм. Энэ тал дээр туслалцаа үзүүлж өгнө үү” гэж аймгийн Засаг дарга Ц.Энхбат хэллээ. Резинин зам манай улсын хэмжээнд ч байхгүй учраас энэ тал дээр тодорхой амлалт өгч чадахгүй байгаагаа сайд хэллээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Дондог нар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Цахим эмнэлэг”-ийн нээлтийн ёслолд оролцлоо. Энэ үеэр Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэгүүдтэй аТөв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Алсын зайны төвийн хамт олон холбогдож, мэдээлэл солилцов. Ийнхүү Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагууд цахим хэлбэрт шилжиж, “Цахим өвчний түүх”-ийг бүрэн нэвтрүүлээд байна.
Цаашид Төв аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын өмнө Эрүүл мэндийн даатгалаас төлж байгаа мөнгөний зөрүүг арилгах, эмийн зардлын өрийн үлдэгдлийг шийдвэрлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт томоохон асуудал тулгараад байгаа тул тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Дондог нараас эмч мэргэжилтнүүд хүслээ.