Л.Энэбишийн нэрэмжит дурсгалын цогцолборыг нээлээ
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дарга агсан Лхамсүрэнгийн Энэбишийн гэгээн дурсгалд зориулан нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр гурав, дөрөвдүгээр хорооллын замын уулзварт байгуулсан хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээлээ.
“Булган хөгжил-Энэбиш сан”-гаас санаачлан зохион байгуулж, бүтээн босгосон энэхүү хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, Л.Энэбиш агсны үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран зүтгэж явсан журмын нөхөд, хөшөө дурсгалын цогцолборыг урлан бүтээсэн уран бүтээлчид, урлаг, соёлын зүтгэлтнүүд, иргэдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг нээж хэлсэн үгэндээ “Та бид шороон үхэр жилийн зуны дунд цагаан морин сарын билигт сайхан энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Энэбиш агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг нээж байна.
Л.Энэбиш агсан 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдон Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцсан нэгэн билээ. Улс орны хөгжлийн түүхэн хариуцлагатай үед Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдож, 2000-2001 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан юм. Тэр ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх үйлсэд бие сэтгэл, билэг авьяасаа харамгүй зориулсан манай төрийн хичээнгүй нягт түшээдийн нэг байсныг өнөөдөр Монголын төр дурсан бахархаж байна.
Лхамсүрэнгийн Энэбишийн гэгээн дурсгалд зориулсан цогцолбор бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь түүний хийж бүтээсэн ажил үйлс болон төрийн зүтгэлтний намба төрх, онцлог шинжийг илтгэн харуулж байна. Төрт ёс, түүхийн сэдвээр бүтээсэн сонгодог уран баримлын цогц бүтээлүүд нь монголчууд бидний үеэс үед уламжлагдаж ирсэн үнэт өв соёлыг хойч үед ч үргэлжлүүлэн хөгжүүлэхийг билгэджээ. Өнөөдөр нээгдэж буй энэхүү хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн уран баримал, зохиомжууд олны сонирхлыг татаж, хүн бүрийн ирэх дуртай соёл, амралтын нэгэн төв болно гэдэгт итгэж байна” гэлээ.
Мөн Л.Энэбиш агсны ууган хүү Э.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр үг хэлж, талийгаачийн хүнлэг, энэрэнгүй, хөдөлмөрч зан чанар, улс орноо хөгжүүлэхийн төлөө хийж бүтээсэн алдар гавьяаг нь эргэн дурслаа.
Анхдагч баатруудын өлгий нутаг Булган аймгийн Могод сумын нутаг Өвөр булагийн энгэрт төрсөн Лхамсүрэнгийн Энэбиш агсан монгол түмнийхээ гэрэлт ирээдүйг үүрд тольдон харж байхаар ийнхүү нийслэл хотынхоо хойморт хөшөөнд мөнхрөн үлдэв. Тэрбээр Монголын төрд үнэлж баршгүй гавьяатай, нэр нь баларшгүй тулхтай монгол эр хүн байсныг түмэн олноороо өнөөдөр санан дурсацгааж байна.