Д.Очирбат: Ахмад дайчид маань миний хоёр дах эх орон бол Монгол улс гэж байсан
2009.06.24

Д.Очирбат: Ахмад дайчид маань миний хоёр дах эх орон бол Монгол улс гэж байсан

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай хаврын чуулган завсарласны дараа “зуны амралтаараа” ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа болон саяхан ОХУ- руу яваад ирсэн ажлынх нь талаар ярилцлаа.
 
-Хаврын чуулган хэдийгээр өндөрлөх юм шиг байна?
-Хаврын чуулган долоон сарын аравдын үед завсарлах болов уу гэж бодож байна. Наана нь маш олон хэлэлцэх асуудал, гарах ёстой хуулиуд байгаа.
-Чуулганы завсарлагаанаар “зуны амралтаараа” та ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Хаврын чуулган завсарлаад намрын чуулган эхлэх хугацаанд нилээдгүй зүйлийг хийхээр төлөвлөөд байгаа. Мэдээж тойргийн иргэдтэйгээ уулзана. Энэ үеэрээ чуулганаар оруулсан хуулийн төсөл, ажлуудаа ирг эд сонгогчдодоо тайлагнах, сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсох ажлыг хийнэ. 

Энэ жил Халхын голын 70 жилийн ой болж байгаа. 70 жилийн ойн ажлын хүрээнд манай намын удирдах зөвлөлөөс ОХУ, МУ-ын залуучуудын хамтарсан аялал зохион байгуулахаар болсон. МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбоо, Оросын Нэгдсэн намын дэргэдэх «Залуу гвард» залуучуудын ба йгуулагатай хамтарсан энэ аялал нь эцэг өвгөдийнхөө тулалдаж байсан 1939 оны Халхын голын дайны замналаар аялах юм.

8-р сарын 12-27-ны хооронд энэ ажлын хэсгийг би ахалж, аяллыг зохион байгуулна. 1939 оны халх голын дайны 70 жилийн ойд ОХУ их өндөр ач холбогдол өгч байх шиг байна. Тухайлбал ойн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өөрөө оролцоно гэж байгаа.
-Хэд хоногийн өмнө та ОХУ-руу явсан гэж байсан. Энэ халхын голын ойн арга хэмжээний ажлаар явсан уу?
-Тиймээ. Гурван өдрийн өмнө би ОХУ-ын Эркутска хотод болсон Халх голын 70 жилийн холбогдолтой Олон улсын кон ференцэд оролцоод ирлээ.  Энэ хурал дээр би халхын гол болон ахмад үеэ хүндэтгэх хүндэтгэлийн талаар илтгэл тавьсан. Мөн манай Батлан хамгаалах яамны мэргэжилтэн офицерууд бас илтгэл тавьсан. Үүнээс гадна тэрхүү олон улсын хуралд маш олон эрдэмтэд, монголч эрдэмтэд цугларсан байсан. 

Ер нь бол эрдэмтэд Халх голд болсон үйл явдал дайн байсан уу? мөргөлдөөн байсан уу? тулаан байсан уу? гэдэг дээр янз бүрийн л үзэл бодолтой, нилээдгүй маргадаг юм байна. Гэхдээ тэнд оролцсон ихэнх эрдэмтэд, монгол судлаачид халх голын дайн бол стратегийн хувьд, улс орныхоо хамрах хүрээнийхээ хувьд, нэгж цагт хамгийн олон онгоц агаарт хөөрч, агаарын тулаан болсноороо дэлхийд тэргүүлдэг гэх зэрэг утгаараа яах аргагүй дайн байсан гэж үзэж байна.
-Энэ олон улсын конференцийн үр дүн нь юу байв?
- ОХУ эрдэмтдийнхээ конференцоос ОХУ-ын боловсролын яамтай хамтарч ажиллах санал, зөвлөмж хүргүүлж байна л даа. Халхын голын дайнд эх орныхоо төлөө цус урсгаж явсан ахмад дайчдадаа хүндэтгэх үүднээс дайны ач холбогдол, дайны оролцооны талаар ЕБС-ын сургалтад энэ талаарх хичээл оруулах сайхан зөвлөмжүүдийг гаргаж байна. Мөн Монгол улстай хамтран ажиллах, Халх голын түүхэн дурсгалт газруудыг нөхөн сэргээх, хамгаалах, орон нутаг, Засгийн газрын хамгаалалтад авах асуудлуудыг маш их ярьж байсан.

Үнэндээ бол 1945 оны дайн гэдэг юмуу, эх орны дайн гэдэг юмуу европт болж байсан дайнууд гэхэд одоо ул мөр нь алга. Тухайлбал 2 Герман хоорондоо нэгдлээ гэхэд хаалт байсан хананаас өнөөдөр ганц хэлтэрхий ч байхгүй болсон байна. Харин халх голын дайнд бол Жуковын командалж байсан 80 баатар, 90 Баатарын хөшөө, Жуковын хөшөө, тэр окоп, тэр түүхийн дурсгалт бүх юмнууд нь байж байгаа. Тийм учраас ОХУ-аас залуучууд, сурагчид залуу үеийнхнийгээ Халх голоор аялуулж дайны сургамжийг үзүүлж, газар дээр нь танилцуулах ажилд нилээн чармайлт гаргаж байна.

Аяллын эхлэл нь 7 сарын 12-оос Орос Монголын хамтарсан 140 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц аялна. Тэнд олон улсын залуучуудын цугларал болж, түүхэн тэр газруудад цэцэг өргөж, орон нутгийн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ажлууд зохион байгуулагдана.
-Хурлын үеэр таныг ахмад дайчидтай уулзсан гэж сонссон?
-Тиймээ. Эрхүүд дайнд оролцсоныхоо дараагаар Халх голын дайнд оролцож байсан ахмад настангууд ямар хүмүүс байгаа бол гэж би хувь хүнийхээ зүгээс мэдэхийг хүсэж байсан. Залуу халуун 19, 20 насандаа Монгол улсын тусгаар тогтнолын төлөө дайнд оролцож байсан хүмүүстэй уулзчихъя гэсэн хувийн бодол байсан юм.
-Тэгээд та уулзаж чадсан уу?
-Хоёр хүнтэй уулзлаа. Ахмад дайчид маань миний хоёр дах эх орон бол Монгол улс гэж байсан. Биднийг очсон тэр хүмүүсийн сэтгэл нь маш их хөдөлж байсан. Тэр дундаа Монгол улсаас УИХ-ын гишүүд нь манайхыг олоод ирлээ гээд маш их баярлаж байсан. Халх голын дайнд оролцож байсан Монгол ахмадууддаа бид төрөөс орон сууц, нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн. Гэхдээ одоо цөөхөн үлдсэн ОХУ-ын тухайн үедээ ЗХУ-ын тэдгээр цэргүүдэд, 1939 оны дайнд тулалдаж явсан ахмад дайчдыг нэр устай нь шүүж гаргаж ирээд Монгол улс хүндэтгэл, халамжийг үзүүлэх шаардлагатай юм байна гэж би ойлгосон. 

Тэнд бүүр нэг ахмад дайчин нь уйлаад, тэвэрч аваад, Монгол улсад би хайртай, Монгол улсын төлөө би цусаа урсгаж явсан, одоо Монгол улсын төлөө байнга санаа зовж явдаг гэх жишээтэй. Нөгөө нэг ахмад дайчин нь маршал Х.Чойбалсангийн маш олон, зузаан баярын бичиг цуглуулчихсан түүнийгээ үзүүлж байсан. /гар утсан дээрээ бичсэн бичлэг үзүүлэв/
-Тойргийнхоо хүрээнд энэ зун хийх ажлуудаасаа тодорхой хэлэхгүй юу?
-Тойргийнхоо хүрээнд би энэ зун ахмад настангуудын халамжийн төвийг барьж, байгуулахаар төлөвлөж байна. Өөрийн хүч, хөрөнгө оруулалтын хүрээнд дүүрэг дээрээ байгуулах энэ төв маань ахмад настангууд амардаг, хажуудаа хүүхдийн цэцэрлэгтэй байх юм. Үр хүүхэд, ач, гучаа дагуулаад цуг амарчихдаг. Аав, ээж нь ажил, бизнесээ хийгээд ахмад настан, эмээ өвөөдөө үр хүүхдээ орхиод явчхаар ахмад настангууд маань гэрийн хорионд байгаа юм шиг үлддэг болжээ. Тийм учраас үр хүүхэд, ач зээтэйгээ амралтын газар очоод 4,5 хоног сувилуулчхаад ирдэг тийм амралтыг байгуулахаар төлөвлөж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихээд явж байна. Газрынхаа асуудлыг Чингэлтэй эцсийн буудлаас дээшхэн барихаар Дүүргийн газрын албатай ярилцаж, төлөвлөж байна. 

Мөн дүүргийн сургууль, цэцэрлэг болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд нилээдгүй судалгаа хийчихсэн байгаа. 

За мөн гэр хорооллын барилгажилтын асуудлыг нилээд ярьж байгаа. Энэ банк санхүүгийн хямралын үеэр хаа сайгүй барилгажилтын асуудал зогсонго байдалд байна. Монгол хүний амны билгээс ашдын билэг гэдэг энэ хямрал удахгүй дуусах байх. Бидний ярьж байсан тэр гэр хорооллыг барилгажуулах, өөрийн байгаа газраа орон сууцаар солих энэ ажлын төлөө, энэ ажлын хэсгийн ажилд нь оруулахын төлөө нилээдгүй ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-Нээлттэй ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ярилцсан О.Батзаяа