“Бороо гоулд”-ын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийн гол эзэд нь алга байлаа
2009.07.09

“Бороо гоулд”-ын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийн гол эзэд нь алга байлаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн О.Чулуунбат нар УИХ-ын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод асуулт тавьсныхаа хариултыг өнөөдөр үдээс хойш болсон /2009.07.08./ Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр сонслоо. 

Асуултыг тоймловол, “2009 оны улсын төсвийн орлого бүрдэхгүй нэлээд хүнд байгаа нөхцөлд төсөвт томоохон төлбөр төлдөг “Бороо гоулд” ХХК-ийн үйл ажиллагааг Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч зогсоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр Засгийн газрын бодлогын илрэл үү, эсвэл УМХГ-ын мэргэжилтний хувийн бодолд хөтлөгдсөн шийдвэр үү?” гэсэн байна. Мөн УМХГ-ын байцаагчийн энэ шийдвэрээс болж “Улсын төсвийн орлого сард 3-5 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 12-15 сая төгрөгөөр тус тус тасарч, 1000 гаруй монгол ажилчид сарын 800.0 мянгаас 1 сая төгрөгийн цалин авахгүй хохироход хүрч байгаа тухай гишүүд асуултдаа дурдсан байна. Ингээд энэ байдлын талаар тодруулж мэдээлэхийг хүссэний дагуу Төсвийн байнгын хорооны дээрх хуралдаан болсон юм.
Хуралдааны үеэр Байнгын хорооны гишүүд санал бодлоо илэрхийлсний заримаас товч дурдахад:

УИХ-ын гишүүн С.Дамба-Очир:

-Аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажиллахын оронд үйл ажиллагааг нь зогсоох, дарамтлах, ажилд нь саад болох хэлбэрээр бүү ажиллаач ээ, “Бороо гоулд”-ыг зогсоохгүйгээр ажлыг нь цэгцэлж болоогүй юм уу.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Шадар сайд та үүнд анхаарал хандуулаач, иймэрхүү дарангуйлах байдлаар ажиллаж ер нь болох уу. Одоо санхүү, эдийн засгийн байдал ямар байгаа билээ, энэ үед ядаж компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр арга хэмжээ авч болохгүй юм уу.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

-Оны эцэст төсөв хүндрэлтэй гарах нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр иймэрхүү хариуцлагагүй явдалд анхаарч, тодорхой хариуцлага бас тооцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:

-Дэлхийн хэмжээний ийм том үйлдвэрийн хувьд бодож үзвэл маш болчимгүй шийдвэр гаргажээ. Захиалгат гэхээр шийдэл бүү байгаасай. Хариуцлагын асуудал яригдана гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
-“Бороо гоулд”-ын талаар өчнөөн л ярьсан. УИХ-аас Ажлын хэсэг томилж, шалгуулсан. Тэгээд одоо шалгасан нь буруудах гэж үү. Мэргэжлийн дүгнэлт гаргасан байцаагч буруудах бололтой. Ингэж болохгүй байхаа. Бизнес өөрөө цэвэр байх ёстой гэсэн утгаар нь ч бодож үзсэн тэр шүү дээ. Тэгвэл яах гэж УИХ ажлын хэсэг томилсон байх вэ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Өнөөдрийн энэ ярилцлага эзнээ олсонгүй гэж бодож байна. Энд байх ёстой эздүүд нь алга байна. Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад, мэргэжлийн үүднээс дүгнэлтээ хийсэн байна. Тэгээд шийдвэр гаргасан төрийн захиргааны байгууллага нь ч байгаа. Харин тэд л энд одоо алга. Бид УМХГ-ын дүгнэлтийн талаар мэдээлэл сонссон. Харин шийдвэр гаргасан Ашигт малтмалын газар болон Кадастрын албанаас нь хүмүүс алга байна шүү дээ.

Шадар сайд М.Энхболд:

-“Бороо гоулд”-тай холбоотой үйл ажиллагаа аль 5 дугаар сараас хойш үргэлжилсээр байгаа. Ж.Энхбаяр гишүүний гарын үсэгтэй УМХГ-т өгсөн чиглэл ч бий. /Шалгалтаар илэрсэн зөрчил арилтал үйл ажиллагааг нь зогсоох утга бүхий/ Хуулийн дагуу компанийн зүгээс сул зогссон ажилчдын мөнгийг төлөх ёстой. Энд нэг их хөндөгдсөнгүй асуудал бас байгаа. Юу гэвэл цианит натри алдагдаж байж болзошгүй гэдгийг байцаагчид тогтоосон. Одоо ч үүнийг лавшруулан шалгаж буй. Өчигдөр АБГБ-ын Байнгын хорооны даргын тушаалаар 5 хүнтэй Ажлын хэсэг байгуулсан. УМХГ-аас явуулсан шалгалт зөв эсэхийг нягтлах үүднээс. Мөн Наадам, баяр хамаарахгүйгээр 10 хоногийн дотор маркшейдерийн дүгнэлт гаргах чиглэл өгсөн байгаа. Энэ нь заавал 9 дүгээр сарын 12 хүргэхгүй гэсэн үг.

Гишүүд ийн ярилцаж, саналаа хэлсний эцэст Төсвийн байнгын хорооны зүгээс Асуулт тавих үед хүрэлцэн ирээгүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Ашигт малтмалын газрын дарга, Кадастрын албаны холбогдох албан тушаалтнуудын /Геологи, уул уурхай, кадастрын алба/ талаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Мөн “Бороо гоулд” –ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн болгоход анхаарал тавихыг хүсч, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлэхээр тогтлоо.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.