Үерийн улмаас 24 хүний амь нас эрсдлээ
Өнөөдөр Улсын онцгой комисс Төрийн ордонд хуралдаж, үерийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас улсын хэмжээнд 22 хүний алтан амь эрсдээд байгаа тул эдгээр хүмүүсийн ар гэрийхэнд тусламж үзүүлэх, учирсан хохирлыг арилгах, болзошгүй осол аюулаас сэргийлэх, үерийн далан дээр зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэх шаардлагатай гэж комиссын гишүүд үзэв.
Тэд үерийн улмаас амь насаа алдагсдын ар гэрт 1 сая төгрөгийг тус тус олгуулах санал гаргаж Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.
Энэ сарын 16-нд Говь-Алтай аймгийн Цээл сумын Хүрэн гол багийн нутагт 18-19 цагийн хооронд үер бууж 7 том хүн, 3 хүүхэд, 7 гэр, 1 автомашин, мөн Баянгол багийн нутаг Өндөр гэдэг газрын Цанхлиг голын орчимд шөнийн 04.45 цагийн орчим үер бууснаас 5 том хүн, 3 хүүхэд, 5 гэр, 1 автомашин үерт урссанаас 17.00 цагийн байдлаар 17 хүний цогцсыг олж, 1 хүүхдийн цогцсыг эрэн хайж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, Онцгой байдлын алба, цагдаа, эрүүл мэндийн алба, цэргийн хэлтэс зэрэг байгууллагын нийт 108 хүн, 11 автомашинтай эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ажээ.
Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тухай мэдээ үүгээр зогссонгүй. Улсын онцгой комиссын хуралдаан зарлахаас хэдхэн цагийн өмнө буюу 14.30 цагийн орчимд нийслэлд хүчтэй аадар бороо цаг гаруй орсны улмаас 6 хүний амь нас эрсдэж, Хан-Уул дүүргийн Био комбинат, Морингийн даваа, Цайз зах зэрэг газруудад үерийн усны хамгаалалтын далан сэтэрч, 5-6 айл, Зайсангийн мал эмнэлгийн сургууль, Цагдаагийн хэлтсийн байр усанд автжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 13, 14, 15, 17, 19 хороо, дүүргийн мал амьтны хүрээлэнгийн орчмын газар, Шар хадны эцэс болон Зэвсэгт хүчний 065 дугаар анги, тэдгээрийн ойр орчмын айл өрхүүд усанд автаж, хэд хэдэн автомашин урсан, орон сууц, албан байгууллагуудын байрны хонгилууд усанд автсан байна.
Учирсан хохирлыг арилгахаар нийслэлийн Усны барилга байгууламж компаний бүлэг, Автозамын газар, Улаанбаатар зам ашиглалт компани, Захирагчийн ажлын алба, инженерийн байгууламжийн харъяа байгууллагуудыг бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна.
Нийслэл болон дүүргүүдийн онцгой албаны 115 албан хаагч, бэлтгэл ээлжинд 307 албан хаагч, 11 мотопомп, 50 сорох хоолой, 10 насос багаж хэрэгсэлтэйгээр бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.