“Монголын боловсрол-100 үйл явдал” ном хэвлэгдлээ
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 боть, “Монголын боловсрол-100 үйл явдал” номын нээлт боллоо.
“Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 боть нь Британика олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байна. Энэхүү хоёр боть нь нийт 3500 гаруй толгой өгүүлэлтэй бөгөөд боловсролын түүх, тогтолцоо, эрхзүй, боловсрол судлалын 1500 гаруй нэр томьёог тайлбарласан.
Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын гавьяат багш, Хөдөлмөрийн баатар цолтой багш нар, үе үеийн сайдууд, боловсролын тэргүүлэх эрдэмтэн судлаачид нийт 800 хүний боловсролын салбарт оруулсан түүхэн гавьяаг сурвалжлан тодруулж, товч мэдээллийг оруулснаар онцлогтой.
Хоёрдахь бүтээл болох “Монголын боловсрол-100 үйл явдал” ном бол боловсролын салбарт эхлэл, шинэчлэл, үзэгдэл гэж дүгнэгдсэн 100 үйл явдлыг он дарааллаар харуулсан альманах төрлийн бүтээл боллоо.
Тус номыг бүтээхэд “Нэпко” компани өөрийн мэдээллийн сандаа тулгуурлан, манай салбарыг олон талаас нь судалдаг эрдэмтэн, судлаачид, багш нар, төрийн албан хаагчид судалгааны бүтээл, ном товхимол, өөрийн архив, цуглуулгаа харамгүй хуваалцаж ажилласанд талархал илэрхийлье. Эдгээр бүтээлийг бид Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг их сургууль, номын сангуудад түгээж, Монголын боловсролын түүхэн замналыг олон нийтэд нээлттэй танилцах, судлах боломжийг олгох болно.