Баатар болох гавьяатай генерал
Сүрлэг, хийморьлог цэрэг эрсийнхээ гавьяагаар үргэлж бахархдаг Монгол Улсад сүүлийн 20 жилд Улсын баатар цолтон төрсөнгүй. Хамгийн өндөр дээд энэ цолыг хамгийн сүүлд буюу 1989 онд ард түмэндээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан хурандаа генерал Ж.Лхагвасүрэнд олгосон.
“Байлдсан бүхэн баатар болдоггүй” учир бүх шагналын дээд энэхүү эрхэм хүндтэй цолыг бас хэн хүнд олгоод байдаггүйг бид мэднэ. Гэвч энэ жил их ялалтын буюу Халхын голын байлдааны ялалтын түүхт 70 жилийн ойгоор эрхбиш олгочих болов уу гэсэн горьдлого, хүлээлт цэргийнхэн болон олон нийтийн дунд байгааг онцлох учиртай. Байгуулсан алдар гавьяа, бүтээсэн хөдөлмөр зүтгэлээрээ ч үүнд тэнцэх ахмад дайчин цөөн боловч бий. Тэдний нэг нь Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат нисгэгч, чөлөөнд буй хошууч генерал Дугарын Гунгаа билээ. Түүнийг үндсэндээ 3 удаагийн дайн байлдаан, зэвсэгт тулгаралтад тодорхой гавьяатай оролцсон домогт дайчин гэж тодотгож болно.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын унаган хүү Д.Гунгаа 1939 оны Халхын голын байлдаанд отряд командлан оролцож, 1944, 1947 онд баруун хязгаарт болон зэвсэгт тулгаралтын үед Нисэх хүчний командлагч, генерал М.Зайсановын орлогчоор ажиллаж, Гоминданы халдан түрэмгийлэгчид, Оспаны дээрэмчдийг устгахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн 1945 оны Чөлөөлөх дайнд нисэх хороо командлан оролцохоор Хэнтийн Өндөрхаанд байлдааны бэлэн байдалд байтал дээд газраас шийд ирээгүй тул буцсан гэдэг.
…1939 оны 7 дугаар сарын нэгэн орой гурав гурваар эгнэсэн 9 онгоц нийслэлийн ойролцоох Бөхөг цагаан толгойгоос нэгэн зэрэг хөөрөн зүүн өмнө зүгийг чиглэн одов. Эдгээр онгоцны нэгийг 23 настай залуухан нисгэгч Д.Гунгаа жолоодож явлаа. Нисгэгчид Хамар давааны ард бэлтгэсэн аэродромд очиж буух ёстой. Тэндээсээ тус бүр 600 кг бөмбөг, 4000 ширхэг сум авч зэвсэглээд шөнийн харанхуйгаар дахин ниснэ. Хүрэх газар нь хилийн цаана 60-70 км-ийн тэртээ орших Халуун рашаан, Жанжин сүм, Ламын сүм, Ганжуур сүм. Цохилт өгөх цэг нь тэдгээрийн орчимд байрласан Японы цэргийн бэлтгэл хүчин, агуулах, баазууд. Халхын голын байлдааны үед манай нисэх хүчний гүйцэтгэж ялалтыг наашлуулсан чухал үүрэг ийм байлаа. Өнгөцхөн харж, гүймэгхэн сэтгэвэл нэгэн хэв янзыг давтсан хөнгөн хялбар нислэг хийж байсан мэт санагдаж болох ч юуны өмнө зэвсэглэсэн дайсны өөдөөс тэдний эсэргүүцэх галыг сөрөн, шөнийн түнэр харанхуйг туулдагт бэрх хэцүүгийн гол нь байсан юм. Нислэг бүхэн, нисгэгч бүхэн хатуу тушаал даалгавартай, хамгийн чухал нь салхины хүч, урсгалыг нарийн тооцож товлосон цэгийг онож бөмбөгдөх учиртай. Бороо орох, битүү үүл манан хуралдах, салхи дэгдэх гэхчлэн цаг агаарын таагүй байдал, хүндрэл бэрхшээл байнга шахам тохиолдоно. Ийм байдлаас болж нисгэгч М.П.Комендатов, хянагч Л.Лувсандагва нар онгоцтойгоо осолдож амиа алдсан. Цаг агаарын тааламжгүй байдал, дайсны эсэргүүцлийн дундуур хийсэн бөмбөгдөлтийн үр дүнг командлалын зүгээс байнга хянан дүгнэж байлаа. Манай шөнийн нисгэгчид 2 сар шахамын хугацаанд 158 удаа байлдааны нислэг хийж, 40 тонн бөмбөг хаяж, дайсанд хүн хүч, зэвсэг техник, эд агуурсын асар их хохирол учруулсан юм гэж Д.Гунгаа гуай хуучилсан. Тэрээр шөнийн цагаар дайсны ар талд бөмбөг хаяж, амь өрссөн байлдааны олон нислэг хийсэн учир “Алтан гадас” одон хүртжээ. Гэвч бүрэн амар тайван болоогүй зүүн хилийг агаарын довтолгооноос сэргийлэн хамгаалах зорилгоор 1940 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан 12 онгоцтой агаарын харуулын хэсгийг байгуулахад Д.Гунгаа монгол нисгэгчдээ ахлан оролцож 24 цагаар онгоцтой эргүүл хэсэг хугацаанд хийсэн юм. Түүгээр ч зогсохгүй 1941-1945 онд эх орны дайны хүнд хэцүү өдрүүдэд Улаанбаатар хот, Налайх дүүрэг зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг агаараас сэргийлэн хамгаалах чухал үүргийг хошууч Д.Гунгаагийн удирдсан сөнөөгч онгоцны 2 дугаар хороо гүйцэтгэн байнгын хяналт тавьж, үе үе жижүүрийн болон эргүүлийн нислэг хийж байлаа.
…Дайн байлдаанд орж туршлагажсан цэргийн шилдэг нисгэгч Д.Гунгааг 1944 оны 2 дугаар сард баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцуулахаар илгээв. Түүний ахласан 3 онгоцтой хэсэг Ховдын Булган сумын нутаг Буданчийн хөх толгойд байрлалаа. Цагийн байдал үнэхээр ноцтой болсон байв. Гоминданыханд хөөгдсөн Оспаны бүлэг Алтайн их уулсын сархиаг нугачаагаар бүгэж, араас нь мөшгөсөн Гоминданы цэргийн 500-600 хүнтэй хороо Булган голын адагт хуарагнаад байжээ. Асга хадтай өндөр уулс, байц цохио, гүн хавцал бүхий асар их бартаатай тэр нутагт үүрлэсэн дайсныг устгахад зөвхөн онгоц л ашиглах хэрэгтэй байв. Цэргийн хүн тушаал биелүүлэх үүрэгтэй учир Д.Гунгаа гэр орондоо ч дуулгаж амжилгүй тийшээ нисчээ. Дайсны байрлал руу эхэлж нисэх, эхний бөмбөг хаях амаргүй үүрэг Д.Гунгаа болон бусад 2 нисгэгчид оногдов. Өмнөөс нь дүрэлзэх шөргөн гал, шүршин тургих суман мөндөрийн зай завсрыг олж бөмбөгөө хэрхэн оновчтой хаях вэ гэсэн ганцхан бодол л толгойд эргэлдэж байлаа хэмээн хожим нь Д.Гунгаа гуай дурссан байдаг. Эхний бөмбөг онилсон цэгтээ буулаа. Дараагийнх нь, бас дараагийнх нь ч мөн адил. Гэвч эсэргүүцсэн дайсны сумны зарим нь онгоц онож тусч байлаа. 4 өдрийн турш сэхээ чөлөөгүй үргэлжилсэн байлдаанд ялагдсан гоминдан цэргүүд маш их хохирол амсаж ухрав. Гэтэл радио холбоо нь ажиллаж мэдээ дамжуулсаар байсан учир түүнийг устгах үүргийг Д.Гунгаад өгчээ. Булган голын дагуу хээр асаасан галаар чиг барин шөнө нисч 1200 метрийн өндрөөс оновчтой устгав. Үр дүнг нь Жанжин штабын дарга Рубинд илтгэх үүрэгтэй. Үүр цайх үеэр эргэн ирж илтгэхээр очиход жанжин Д.Сүхбаатарын хүү, хурандаа Галсан орчуулж танилцуулаад “Үүрэг сайн биелүүллээ” хэмээн үнэлснийг дуулгав.
…1947 оны 6 дугаар сард Д.Гунгаа дахин баруун хил Байтаг Богдыг зорьж бас л байлдааны үүрэг гүйцэтгэв. Гоминданы цэргийн өдөөн хатгалгыг няцаах, газар орон, дайсны байрлалыг тагнан мэдэх үүрэг хүлээн гадуур хувцастайгаа амарч хоноглон 27-28 өдрийг үджээ. Эцэст нь 3 нөхрийн хамт И-15 онгоцоор Хужирт голд байрласан дайсны байрлалыг бөмбөгдөв. Алтайн их уулсын дунд гүн хавцалд байрласан дайсны цэргийн байрлалыг илрүүлж олоход нэн төвөгтэй. Газрын бартаа ихтэй учир нислэг үйлдэхэд ч бэрх, бөмбөгдөлтийг асар өндрөөс хийх шаардлагатай зэрэг нь байлдааны явцыг хүндрүүлж байлаа. Гэвч Монголын зоригт нисгэгчид үүргээ урьдын адил амжилттай биелүүлсэн юм.
Ийнхүү байлдааны болон иргэний 10 гаруй төрлийн онгоцоор агаарт түм илүү цаг ниссэн, 1 дүгээр зэргийн багш нисгэгч, цэргийн болон иргэний нисэх байгууллагын бүх шатны алба (нисэх эскадриль, отряд, хороо, Агаарын харилцааны газар, ИАТУГ гэх мэт)-ны даргын албыг 40 шахам жил хашсан Д.Гунгаа эдүгээ 93 нас сүүдэр зооглон энх тунх амьдарч сууна. Түүнийг энх цагт Монголын Иргэний агаарын тээврийг үүсгэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн учир 1965 онд Монгол Улсын ууган гавьяат нисгэгч цолоор шагнажээ.
Хошууч генерал Дугарын Гунгаа Монголын нисэх хүчин үүсч хөгжсөний 10 дахь жилээс нь эхлэн түүний өнөр бүлийн нэг гишүүн болж 40 гаруй жил ажиллахдаа аюул түгшүүр нүүрлэсэн дайны хүнд өдрүүдэд исгэрэх сумнаас халираагүй, энх амгалангийн салхи сэвэлзсэн бүтээн байгуулалтын он жилүүдэд ч хөлс шавхаж хүч дайчилсан их хөдөлмөрийн ааг эрчээс шантралгүй ямагт тэргүүн эгнээнд нь тэмцэж, бүтээж ирсэн бахархан дуурсах алдар гавьяатан, бишрэн дагах үлгэр дууриаллын эзэн болсон алдарт ахмадуудын маань нэг билээ.