2009.06.12

GSP хөнгөлөлтийн системд Монголыг нэмж хамруулахыг хүслээ

Энэ өдөр Гадаад харилцааны сайд С.Батболд АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Ж.Жоунстай Цагаан ордонд уулзав. Уулзалтын үеэр хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, Төв Ази, ЗХА-ийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцов.


Ж. Жоунс Иракийн сэргээн босгоход оруулсан Монголын хувь нэмрийг өндрөөр үнэлж, Афганистаныг тогтворжуулах үйлсэд хувь нэмрээ оруулах болсонд талархлаа илэрхийлэв. Түүнчлэн, хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-д сургах Монголын цэрэг дайчдыг нэмэгдүүлэх, “Хааны эрэл” олон улсын хээрийн сургууль нэр хүндтэй арга хэмжээ болж байгаа зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

Мөн сайд С.Батболд АНУ-ын Гадаад худалдааны төлөөлөгчийн газрын Ерөнхий зөвлөх, хуульч Тимоти Рийвтэй уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд Ил тод байдлын санаачлагын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх талаар олон нийтэд хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргахаар тохиролцов. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхиүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ТИФА-гийн уулзалт, видео конференц үр дүнгээ өгч байгааг дурдаж, GSP хөнгөлөлтийн системд Монголын олон бараа бүтээгдэхүүнийг нэмж хамруулахад анхаарахыг хүсэв. Түүнчлэн, худалдааны саад хотгорыг арилгах, ДХБ, Дохагийн уулзалтын талаар санал бодлоо харилцан ярилцав.

Мөн өдөр сайд С.Батболд Конгрессийн Төлөөлөгчдийн танхим дахь Монголыг дэмжих бүлгийн гишүүдтэй Капитол Хилл-д уулзаж ярилцав. Тус уулзалтад бүлгийн дарга Жоу Питтс, Конгрессийн гишүүн Жоу Уилсон, Жим МкДермотт, Том Коул, Денни Реберг нар байлцав. Тэрээр Монголын улсын дотоод байдлын талаар мэдээлэл хийж, гадаад бодлого, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үйл явцыг анхнаас нь дэмжиж АНУ-ын Конгресс тогтоол гаргаж байсан нь улс төрийн чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.

Цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд АНУ-ын Конгресс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Конгрессийн гишүүд Монгол Улсын Зүүн Хойд Азийн бүс нутгийн хэмжээнд явуулж буй бодлого, Умард Солонгосын пуужингийн туршилтын талаарх Монгол Улсын байр суурь болон Монголын уул уурхайн томоохон төслүүд, түүний талаар УИХ-ын шинэ хуулийн төслийн талаар тандаж байв. Түүнчлэн, Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны дэд хорооны дарга Э. Фалеомавегатай уулзаж, АНУ-д суралцах Монгол залуусын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Айлчлал үргэлжилж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.