Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэхээр болов
2009.08.21

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Өчигдөр үдээс өмнө хуралдаж Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүх илтгэл тавьж гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглахад ус ашиглах гэрээний хугацааг 30 жилээр олгож, цаашид 20 жилийн хугацаагаар сунгаж байх, мөн түүнчлэн тухайн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр илрүүлсэн усны нөөц нь тухайн үйлдвэрлэлийн хэрэгцээнээс илүү гараагүй нөхцөлд бусад аж ахуйн нэгжид ус ашиглах эрхийг олгохгүй байх, илүү гарах тохиолдолд бусдад ашиглуулах зохицуулалт хийх зэрэг нэмэлтүүдийг хийхээр тусгасан байна.

Төслийг хэлэлцэх үеэр гишүүн Б.Бат-Эрдэнэ байгаль орчинд нөлөөлөх бодитой үнэлгээ хангалтгүй байгаа.Усны болон байгалийн бусад нөөцөд учрах хохирлыг тодорхой болгох хэрэгтэй. Ус ашиглах гэрээний хугацааг багасгах бололцоо байхгүй юу гэсэн бол гишүүн Су.Батболд одоо газрын гадарга, гүний ус ховордож байна. Усны судлын дагуу гаргасан худгууд бие биедээ нөлөөлнө. Аливаа хуулийг боловсруулахдаа дараа нь гарах үр дагаварыг харахгүй байна гэлээ. Мөн гишүүн Г.Батхүү байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудал зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бүх улс оронд тулгамдсан асуудал болоод байгаа. Газрын хөрсөн дор байгаа баялагаа ашиглах цаг болсон. Харин ашиглахын тулд ямар ч өртгөөр, юуг ч сүйтгэж болохгүй. Усны нөөц байгаа бол эргэлтэд оруулах нь зүйтэй. Гэхдээ энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй байх хэрэгтэй гэсэн юм. Харин гишүүн Л.Гүндалай усаа ашиглах хэрэгтэй. Үнэндээ ядуугаас болооод байгалиа сүйтгэж байна. Хүмүүс орлоготой байсан бол ойд мод, ан амьтнаа устгахгүй. Байгаль орчин сүйтгэгдсэнээс нөхөж барахгүй хохирол учирч байна. Ядуурлаас гарахын тулд том том үйлдвэрүүдийг түшиглэж хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

Байнгын хорооны гишүүдээс хөдөө аж ахуй, газар тариалан болон жижиг аж ахуйн нэгжүүдийн хооронд ус ашиглалтаас үүдэн гарч болох зөрчил, маргааныг зохицуулах, шийдвэрлэх механизмыг тодорхой болгох, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ус ашиглалтын гэрээний хугацааг одоо мөрдөгдөж байгаа усны тухай хуульд заасан хугацааг харгалзан тогтоох, орон нутагт ус ашиглалтын асуудлыг зохицуулах субьектүүдийн эрх үүргийг тодорхой болгох, Оюу толгойг ашигласнаар тухайн бүс нутагт бий болох усны болон байгалийн бусад нөөцөд учрах хохирлыг тодорхой болгох, байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг нөхөн сэргээх чиглэлээр тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, усны тухай хуулийг өнөөгийн нөхцөл шаардлага, улс орны хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан боловсронгуй болгох, ус ашиглалтын үнэ, төлбөрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн уян хатан байдлаар мөрдөж байх гэсэн саналуудыг гаргасан юм.

Эцэст нь уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжив

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.