Ц.Мөнхцэцэг: УИХ-д суудал аваагүй ч сонгогчдоос санал авсан намд төсвөөс хэсэгчилсэн санхүүжилт олгоно
2021.12.08

Ц.Мөнхцэцэг: УИХ-д суудал аваагүй ч сонгогчдоос санал авсан намд төсвөөс хэсэгчилсэн санхүүжилт олгоно

УИХ-аар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Уг төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг Авлигын эсрэг үндэсний форумын төлөөлөгчдөд танилцуулав.  

Тэрбээр, Монгол Улсад авлигын индексийг хойш татаж байгаа гол зүйлийн нэг нь улс төрийн намын санхүүжилтийн асуудал. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төсөлд улс төрийн намыг шинээр тодорхойлж, намд хориглох зүйлийг тодорхой тусгасан. Тухайлбал: 

  • Гишүүдээсээ өндөр дүнтэй хандив дэнчин авдаг
  • Намын дотоод сонгууль өндөр дүнтэй татвараас бүрддэг
  • Намын сонгуульд ажилласан гишүүддээ өндөр дүнтэй урамшуулал өгдөг
  • Сонгуулийн зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг бүх механизмыг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд хориглож байгаа.

Энэ хуулийн төслийн 60 орчим хувьд нь намын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг тусгасан. Улс төрийн намуудын гарааны тэгш өрсөлдөөнийг дэмжих үүднээс УИХ-д суудал аваагүй ч сонгогчдын тодорхой хувийн дэмжлэг авсан намуудад төсвөөс хэсэгчилсэн санхүүжилт олгохоор төсөлд тусгасан.

Намууд санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа ил тод мэдээлнэ. Тайлангаа 3-аас дээш удаа тавиагүй бол төсвөөс санхүүжилт олгохыг зогсооно. Уг хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ.