Улаанбаатарын утааг хэн хэн  "үйлдвэрлэдэг" вэ
2009.09.15

Улаанбаатарын утааг хэн хэн "үйлдвэрлэдэг" вэ

Өвөл хаяанд иржээ. Өвөл болгон Улаанбаатарт хот минь Утаанбаатар хэмээн нэрээ сольдог билээ. Утааг хэн, хэн  үйлдвэрлдэг вэ? гэж асуувал хариулт олон. 

Нэгдүгээрт: Гурван том дулааны цахилгаан станц ажиллаж жилдээ 6 сая тонн нүүрс түлж эрчим хүч, дулааны хэрэглээний 80 хувийг хангаж, агаарт хүхэр ба азотын исэл, нүүрсхүчлийн исэл, дэгдэмхий үнс, нүүрсхүчлийн хий цацаж, жилд ойролцоогоор 257,0 мянган тонн үнс гаргадаг.
Хоёрдугаарт:  20 гаруй хийцийн 410 гаруй халаалтын нам даралтын зуух ажиллаж байгаагаас 250 гаруй нь хэсэгчилсэн, 200 орчим нь дагнасан хэлбэрээр хэрэглэгчдийг дулаанаар хангаж жилдээ 400,0 мянган тонн нүүрс түлж байна. Халаалтын зуухнуудаас хаягдаж байгаа агаар бохирдуулагч бодисуудын хэмжээг ойролцоогоор тооцоход жилд 240358 тонн хүлэмжийн хий, тонн дэгдэмхий үнс, 3382.8 тонн нүүрстөрөгчийн исэл, 845,8 тонн азотын исэл  агаарт цацаж, 11 мянга орчим тонн үнс, шаараар орчныг бохирдуулж байна.

Гуравдугаарт: Нийслэлд 140,0 мянга орчим айл өрх байгаа ба нийт 600,0 мянга орчим тонн нүүрс түлшиндээ хэрэглэж жилдээ дунджаар 578384 тонн хүлэмжийн хий, 30414 тонн нүүрстөрөгчийн исэл, 393,4 тонн хүхрийн ангидрид, 375,1 тонн азотын исэл, 3095,7 тонн дэгдэмхий үнс хаягдаж агаар болон газрын хөрсийг бохирдуулж байна. Бохир ус зайлуулах системгүй гэр хорооллын эргэн тойрны хөрсний бохирдолтыг инженерийн хангамжтай орон сууцны орчинтой харьцуулахад химийн бодисын бохирдолт 28,5 дахин, нянгийн бохирдолт 10 дахин их байгаа нь судалгаагаар нотлогдсон байдаг.
Дөрөвдүгээрт: Нийслэлийн автопаркийн 90 хувь нь бензин хөдөлгүүртэй байна. Үүний дотор 50 шахам хувьд нь нүүрсхүчлийн хийн агууламж манайд мөрдөгдөж байгаа стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байсан ба 20 гаруй хувьд нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бараг хоёр дахин өндөр байна. Автомашины хөдөлгүүрийн ажилласан хийн найрлагад 270 гаруй хорт бодис байдаг гэж эрдэмтэд тогтоосон байдаг.
Тавдугаарт: Шатахуун түгээх станц, нефть хадгалах сав. Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын явцад жилд дунджаар 25 тонн, хүлээн авах, ачиж буулгахад 140 тонн, түгээхэд 277 тонн тус тус алдагдаж байна. Улаанбаатар хотод бензин, дизелийн түлшний 60 орчим хувь борлогдож ихээхэн хэмжээний хортой бодис агаарт ялгардаг тооцоо гарсан.
Зургаадугаарт: Хот төлөвлөлтийн бодлого зохицуулалт муу, замбараагүй газаролголтоос үүдэлтэй хотын ногоон байгууламж, зүлэг, цэцэрлэгт хүрээлэн устаж хөрсний эвдрэл ихсэн ил задгай газаргүй болтлоо барилга байшин нэмэгдэж байна. Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 ам.метр цэцэрлэгт талбай ногддог нь хотын стандарт хэмжээнээс даруй 3-5 дахин бага байдаг.
Долоодугаарт:  Улаанбаатар хотод жил бүр 600,000м3 хуурай хог хаягдал гардаг. Тохижилт үйлчилгээний компаниудын хог ачигч машин, ажиллах хүн хүч дутмаг байгаа нь долоо хоногт хоёр удаа тээвэрлэж, зайлуулах ёстой хог хаягдлаа зөөж чадахгүйгээс хог хаягдал овоорч үнэр танар орж орчныг бохирдуулдаг. Мөн хортой болон аюултай хогхаягдалыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, хүн амын эрүүл мэнд, орчны эрүүл ахуйд учирч болох эрсдэлийг ангилсан тогтвортой систем байхгүй улмаас ус, хөрс, агаар бохирдох аюул нүүрлээд байна.
Наймдугаарт:. Бусад эх үүсвэрт төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ТҮЦ, павилон, ШТСтанц, дугуй засвар.хогийн цэг, арьс ширний үйлдвэр, уурхай, карьер, барилга, зам угсралтыг гүйцэтгэж байгаа түр байр, аж ахуйн нэгж байгууллагуудын харуулын байр зэрэг нүүрс түлж буй газрууд орно.

Иргэн та агаарын бохирдолын эсрэг юу хийх ёстой вэ?

Агаарын бохирдлыг бууруулахын тулд зөвхөн улсаас арга хэмжээ авснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Үүнийг шийдвэрлэхэд иргэд та бидний оролцоо зайлшгүй чухал юм. Тухайлбал та орон байраа дулаалах, ногоон байгууламж, мод зүлэг ихээр тарих, хогоо ил задгай хаяхгүй байх, байгалиа хайрлах уламжлалыг өвлүүлэх, утаагүй түлщ, цахилгаан халаагуур хэрэглэх гэх мэт. Хотын иргэн бүр өөрсдийн амьсгалж буй агаарыг бохирдуулахад ямар нэг замаар нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч, хувь хүн бүр өөрийн амьдралын болон аялж, зорчих хэв маягт өөрчлөлт хийх замаар хотын агаарынчанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулан, автомашинаар зорчихоос аль болох татгалзаж хотын нийтийн тээврээр зорчиж байх, цэвэр түлш бүхий автомашин худалдан авах, машиныхаа засвар үйлчилгээг сайжруулах, эрчим хүч хэмнэх, тухайлбал гэр хувийн сууц, барилга байшингаа дулаалах, бохирдол багатай зуух, түлш хэрэглэх, шаардлагагүй үед гэрэл асаахгүй, халаалт хэрэглэхгүй байх зэрэг арга хэмжээг авч болох юм.

Харин төр юу хийх ёстой вэ?

1. Хийн төлөвийн бохирдол бууруулах төлөвлөлт
- Орон сууцжуулалт, Халаалтын системийн орон зайн төлөвлөлт
-Авто шатахуун, Авто замын ба Төмрийн үйлдвэрийн төлөвлөлт
2. Тоосжилтын бохирдол бууруулах төлөвлөлт
-Уурхай, зам, гэр хорооллын эвдэрсэн газрын нөхөн сэргээлт
-Автозамын шинэчлэл, ногоон байгууламжийг хөгжүүлэх
3. Агаарын бохирдлын менежментийн төлөвлөгөө
4. Агаарын бохирдлыг бууруулах эрхзүйн шинэчлэл (5 хуульд нэмэлт өөрчлөлт, 2 журам)
5. Агаарын бохирдлын хяналтын сүлжээ төлөвлөлт

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.