2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов
2021.12.14

2022 оны эхнээс төрийн хяналт шалгалтыг багасгахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар бууруулах, зарим шаардлагагүй шалгалтуудыг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр үүрэг болголоо. Мөн зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг даалгав.

Төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэгч байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудад хяналт шалгалтыг бууруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгож, зөвлөн тусалдаг, алдааг нь анхааруулдаг байх нь зүйтэй гэжээ.

Улс, орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хийх хяналт шалгалтыг хэвээр үргэлжлүүлнэ.