Өмнөговь аймгийн Гавилууд хонь, Цогт-Овоогийн улаан ямаа омог болон батлагдлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурлаар "Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд хонь", "Цогт-Овоо сумын Цогт-Овоогийн улаан ямаа"-г омог болон баталлаа.
Ханбогд сумын Гавилууд хонь нь нутгийн шилмэл хонины бүлэгт хамаарах боловч говийн бүс нутгийн гео-экологийн өвөрмөц нөхцөлд ардын селекцийн аргын үр дүнд бий болсон голдуу хар халзан, харман, хар толгойтой, их бие нь цагаан зүстэй, бие цогцос, галбир, мах, ноосон ашиг шимийн гарц, чанараар харьцангуй жигд сайн, тэсвэр хатуужилтай, аж ахуйн ашигтай чанараа үр төлдөө тогтвортой дамжуулдаг зэрэг аж ахуй, биологийн онцлог чанараараа ялгаатай сүрэг юм.
Цогт-Овоогийн улаан ямаа нь зүс, ашиг шимийн чанараар жигдэрсэн, аж ахуй, биологийн шинж чанараар Монгол үүлдрийн ямаанаас ялгагдах өвөрмөц онцлогтой, ашиг шимийн үнэт чанараа үр төлдөө удамшуулан дамжуулах чадвартай, говийн бүсийн цаг уур, экологийн нөхцөлд дасан зохицсон, тооны хувьд хангалттай сүрэг ажээ.