2022.01.17
Н.Наранбаатар: Иргэдийн мэдэх эрхийг хангаагүй иргэн, аж ахуйн нэгж ямар хариуцлага хүлээх вэ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Нэмэлт өөрчлөлтөөр оруулах гэж байгаа гурван заалт зайлшгүй орох шаардлагатай. Миний хувьд дэмжиж байна. Энэ заалтгүйгээс үүдэн иргэд, олон нийт мэдээлэл авч чаддаггүй байв. Ямар төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжиж байгаа мэдээлэлгүйгээс болж том төсөл эхлэхэд маргаан үүсдэг тохиолдол бий. Цаашилбал том бүтээн байгуулалтын ажил царцдаг, байгаль орчин сүйддэг.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үнэлгээ хийх асуудал чухал байна. Ажлын хэсэгт байгаль орчны байцаагч нь ордог хэр нь засаг дарга ордоггүй. Энэ хуулиар засаг даргын үүргийг нэмэгдүүлж байгаа. Тиймээс Ажлын хэсэгт нь засаг даргыг оруулах боломжоор хангаж өгнө үү гэсэн санал байна.
Төсөл хэрэгжүүлж байгаа иргэн, байгууллага иргэдэд мэдээлэл өгдөггүй. Иргэдийн мэдэх эрхийг хангаагүй иргэн, аж ахуйн нэгж ямар хариуцлага хүлээх вэ?
Тусгай хамгаалалттай газар нутгийн байцаагчдын ихэнх нь малчин бий. Байцаагчид буюу малчид зайлшгүй төрийн албаны шалгалт өгөх шаардлагатай ч ихэнх нь тэнцдэггүй. Мэргэжлийн байгууллагын хувьд анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.
Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.