• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Н.Уртнасан

Батлагдсан огноо

2021.12.03

Байгаль орчныг хамгаалах тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Үндсэн хуульд нийцүүлэх)
Өргөн барьсан: 2021.11.24

Байр суурь

Б.Энх-Амгалан: Газар ухсан компаниар нь нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Та бүхэн нэг зүйлийг сайн анзаарах ёстой. Уул уурхайн компаниудаас болж Цэнхэрийн гол, Онон гол, Байдраг гол, Хараа гол, Ерөө гол, Туул голууд улаанаараа эргэлдэж, экологийн систем алдагдаж, алт ухагчдын буруу уршгаас болж ширгэх аюулд орсон. Монгол Улсын газар нутгийн 76,9% нь цөлжсөн. 30,000 га газар уул уурхайн буруу нөлөөллөөс болж эвдэрсэн. Хур тунадас 7,9%-иар буурсан, дулааралт 2,25 хэмээр нэмэгдсэн гэх мэт тоо яриад, үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд мэдээлсэн гээд сууж байна. Тэгвэл энэ асуудлууд дээрээ засах арга хэмжээ яагаад авдаггүй юм бэ? Та нар анхнаас нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгээд, уулын ажлын төлөвлөгөөг нь гаргаад ухсан компани нь өөрөө нөхөн сэргээлт яагаад хийж болдоггүй юм? "Алтыг нь аваад, авдрыг нь хаяна" гэдэг шиг газрыг нь ухчихаад, нүх үлдээгээд яваад өгдөг. Түүн дээр нь нинжа нар ороод улам ухаад, аймгийн Засаг дарга нь олгоод нутаг орон чинь сүйдэж дууслаа. Энэ асуудлыг шийдэхгүй юм уу? Гүйцэтгэлийн аудитыг дунд нь оруулахгүй юм уу? Та нарын ярьж буй зүйлүүд бол иргэд мэдэх эрхтэй, нээлттэй мэдээлэл хийнэ, мэдээлэлтэй танилцах боломжоор хангана, аймгийн даргад хүсэлт гаргаад мэдээлэл авч болно гэсэн л юм байна. Мэдээлэл аваад яах юм бэ? Энэ цөлжилтийг зогсоохын тулд яг ямар арга хэмжээ авах вэ? Хуулинд ингээд заачихсан болохоор болохгүй гэдэг зүйл яриад сууж байж болохгүй. Шаардлагатай бол энэ хуулийг чинь өөрчилж болно. Газар ухсан компаниар нь нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг яаж шийдэх гэж байгаа болон гүйцэтгэлийн аудит хийх эсэх тал дээр хариулт авмаар байна. Хоёрдугаарт орон нутгийн эрх мэдэл гэдэг зүйлийг нэмүү тавьчихаад, Ноён уулыг тусгай хамгаалалтад авъя гэхэд орон нутгийн Засаг захиргаа, Иргэдийн хурал нь тусгай хамгаалалтад авахгүй, ухна гээд сууж байсан. Түүний уршгаар дархан цаазат газар нутгийн байгалийн нөөцийг нинжа нар ороод тэнд байдаг хэрэгсүүр, түүх соёлын дурсгалт зүйлсийг ухаад дууслаа. Үүнийг хамгаалахгүй юм уу? Зарим аймгийн Засаг дарга нар нь ийм сан бүрдүүлэх юм бол ухуулна гээд уул уурхайн компанийг цуглуулаад санхүү бүрдүүлээд явж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийг чинь цаад талаас нь хятадууд доогуур нь ухаж байгаа, бид нар наанаас нь ухъя гээд явж байна. Та нар шинэ сайддаа зөв мэдээлэл өгөхийг хүсч байна. Гуравдугаарт Туул голын эх, усны урсацыг хамгаалах ямар ажил хийж байгаа вэ? Түүний асуултад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Энхбат хариуллаа.

2022.03.17

Д.Батлут: Хууль гарсан ч хууль хэрэгжилт учир дутагдалтай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Батлут: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Байгаль орчны нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг баталгаажуулж өгсөн. Үүнийг маш авууштай сайн зүйл гэж харж байгаа. Гэхдээ хууль гарлаа гээд хууль хэрэгжилтийг хангах тал дээр учир дутагдалтай ажилладаг. Нэг ёсондоо хуулийг хэрэгжүүлдэг байгууллагууд үйл ажиллагаагаа сайн зохион байгуулдаггүй. Түүнээс нь болж хууль амьдрал дээр хэрэгждэггүй асуудлууд гарч байна. Үүнд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь иргэдийн оролцоо байдаггүй. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ? Хоёрдугаарт энэ хуулийн төсөлтэй холбоотой тандалт судалгааны тайлан, зардлын тайланг үзлээ. Тэгэхээр тухайн Засаг даргын тамгын газарт шинээр орон тоо үүсгэхгүй, өөрөөр хэлбэл хүний нөөцийн шаардлага 0,18 буюу шинэ орон тоо үүсгэх шаардлагагүй гэж үзсэн нь төсөвт нэгж зардал үүсгэхгүй, гэхдээ эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн байна. Эдийн засаг болон ажил эрхлэлтэд үзүүлж буй эерэг нөлөөлөл гэж юуг ойлгоод байгаа талаар тайлбар өгнө үү. Мөн эдийн засгийн үзүүлэх нөлөөлөх хүснэгтийн 4.2-т Төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх гэдэгт төрийн байгууллагын ачаалал хөнгөрч, тавих хяналт сайжирна гэсэн байна. Ачаалал нь хэдэн хувиар хөнгөрөх вэ? Иргэдийн хяналт тавих механизмыг энэ хуулийн төслөөр бататгаж өгснөөрөө төрийн хяналт шалгалт, ачаалалд эерэг үр дүн гарч байгаа гэж ойлгож болох уу? Гуравдугаарт байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах асуудал маш чухал шаардлагатай гэж харж байна. Ой модыг сийрүүлэх тал дээр учир дутагдалтай ажиллаж байна. Нэг метр квадрат газарт хичнээн зулзаган мод ургаж байгаа бол? Сийрүүлэлт хийхгүйгээс хэд нь үхэж, хэд нь амьдрах чадвартай болж байгаа вэ? Энэ тал дээр хууль эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа. Технологийн дагуу сийрүүлэлт хийдэг, үүрэг хариуцлагыг тодорхой хууль эрх зүйн санкци болгож суулгаж өгөх шаардлагатай. Энэ тал дээр шинэ сайд хэрхэн ажиллаж байгаа вэ? Хэрвээ энэ зохицуулалтуудыг бодитойгоор хийж өгч чадвал цаашлаад Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих төсөл ч мөн илүү амжилттай хэрэгжих боломж бололцоонд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Дөрөвдүгээрт Орхон аймгийн Эрдэнэт хотод нэлээн асуудал дагуулсан асуудал бий. Уул уурхай дагасан хот учраас цагаан тоосны асуудал, Хангалын голын бохирдолтой холбоотой асуудал. Энэ нь иргэдийн байгаль орчны аюулгүй байдалд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа. Олон жил энэ асуудлуудыг ярьж, олон хүмүүс энэ асуудлыг хөөцөлдөж олон шийдэл гарсан боловч өнөөдөр төдийлөн үр дүн гараагүй байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ төлөвлөж байгаа вэ? Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

2022.03.17

Ж.Батжаргал: Үүргээ хэрэгжүүлээгүй хуулийн этгээдэд ямар хариуцлага тооцох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хуулийн төсөлтэй холбогдуулан Нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, мэдэх эрхээ баталгаажуулах хүрээнд нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрхийн зохицуулалтуудыг үзэл баримтлалд тусгажээ. Үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Хэдэн асуулт байна. Төрийн захиргааны төв байгууллагуудын бүрэн эрх хангалтын асуудлаар нэмэлт өөрчлөлтөд орж ирсэнгүй вэ? Газрын хэвлийн баялгийн ашиглалт, түүнээс хамааралтай байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн асуудал, нөхөн сэргээлт, эрх бүхий байгууллагуудын хууль хэрэгжүүлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг авах гээд байна. Гэтэл яг үнэндээ байгаль орчны төлөв байдал, экосистемийн тэнцвэртэй байдлын талаарх цогц мэдээлэл байж болохгүй юм уу? Бид зөвхөн иргэдийн анхаарал татагдаж байгаа байгалийн баялаг ашиглалттай холбоотой асуудал оруулж ирчихээд байна. Байгалийн баялаг ашиглаж байгаа хуулийн этгээд, нутгийн захиргааны байгууллагуудын ашиглалтын байдал, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллээ цахим хуудсаараа дамжуулж, ямар агуулгатай ямар мэдээллийг хэр хугацаанд ил байлгах вэ гэдгээ тусгай журмаар зохицуулаад ил болгож болохгүй юм уу? Үүргээ хэрэгжүүлээгүй хуулийн этгээдүүдэд ямар хариуцлага тооцох вэ? Байгаль хамгаалагчдын орон тоо, хангамжийн асуудал, төрийн албаны үйл ажиллагааны чиглэлээс тавьж байгаа шалгууртай холбогдоод нөхөн хангалт хийгдэж чадахаа байчихжээ. Энэ байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд орчны бүсийн иргэдээ татан оролцуулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ? Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

2022.03.17

Л.Мөнхбаатар: БОАЖ-ын яам УИХ, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хуулийн төсөлтэй танилцлаа. Гурван заалттай хуулийн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулах зорилготой гэж харж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд иргэн эрүүл аюулгүй амьдрах эрхийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэж заасан. Үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад зөвхөн аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга нараас гадна төрийн захиргааны төв байгууллагуудын үүрэг оролцоотой байж мэдэх эрх бүрэн хангагдана. Нөгөөтэйгүүр зөвхөн тунхаглалын чанартай бус процесс нь хэрхэн яаж явах вэ гэдгийг ярьж байгаа юм. Мэдээллийн агуулга, цаг хугацаа ямар байх юм, мэдэх эрхийг хэрэгжүүлэхгүй байх нь ямар хариуцлага хүлээх гэх мэтчилэн эдгээр асуудлыг Нийтийн мэдээллийн тухай хуультай уялдуудлах ёстой. Тэгэж байж иргэн хүний мэдэх эрх баталгаажих юм. БОАЖ-ын яам УИХ, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна. УИХ-ын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завхан аймгийн Тэлмэн, Их-Уул сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Булнайн нуруу, Тэсийн голын ай савийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гараад 3 жил боллоо. Шийдвэрийн дагуу тусгай хамгаалалттай газрын захиргааг байгуулах, ажиллах хүчийг томилох, төсөв орхигдсон. Энэхүү шийдвэр хэрэгжихгүй байгаад нутгийн иргэд бухимдаж байна. Миний бие өнгөрсөн жил танай яамд албан бичиг хүргэхэд 2022 оны төсөвт тусгуулна гэсэн хариу ирсэн. Тийм учраас БОАЖ-ын яам энэ талаар мэдээлэл өгнө үү? Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

2022.03.17

Д.Сарангэрэл: БОАЖЯ цаашдаа Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой заалтад БОАЖЯ мэдээллүүдээ тодорхой бэлдчихвэл зүгээр гэж бодож байна. Тухайлбал газар доорх баялгийг ашигласнаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдээлэл авлаа гээд өөр юу өөрчлөгдөх вэ? Ер нь ийм хуулийн заалттай болсноороо ямар дэвшил гарах талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна. Хоёрдугаарт нөхөн сэргээлтийн асуудал дээр БОАЖЯ анхаарч ажиллаж байгаа. Олон жилийн турш хуримтлагдсан 30,000 га газрын нөхөн сэргээлтийн ажлууд байгаа. Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ алба бол яамд маш их тус дэм болно. Бүр тодорхой санаачлага гаргаад, тодорхой газруудыг нөхөн сэргээх ажлыг бие дааж хийе гэдэг хүртэл санаачлага гаргасан. Экологийн цагдаагийн байгууллагын энэ санал санаачлагыг хүлээж авах нь зүйтэй гэж тухайн үед ажиллаж байхдаа би бодож байсан. БОАЖЯ-ны сайд та энэ чиглэлд анхаарч ажиллавал зүгээр гэж бодож байна. Гуравдугаарт байгаль хамгаалагчид, цаг уурчдын ажиллах орчин, авч байгаа цалин хүнд байгаа. Үүнийг сайд гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үедээ анхаарах ёстой. Байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт бага хийгддэг. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт дулдуйдаж ажиллаж байна. Тэдгээр төслүүд ямар хүсэлт тавьдаг вэ гэхээр Монголын тал өөрөөс хамаарах хувь хэмжээгээ оруулаач гэдэг. Үүнд хангалтгүй гэсэн үнэлгээ аваад байдаг. Гэтэл гадны Засгийн газар, улс орнууд Монгол Улсын байгаль орчныг хамгаалъя гээд байхад бид тодорхой санхүүжилтээ харамлаад сууж байдаг. Тиймээс байгаль орчин, аялал жуулчлалынхаа салбарт парламент дэмжлэг үзүүлэх боломжтой гэж бодож байна. Дөрөвдүгээрт цалин мөнгөний асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүйтэн хөндий ханддаг. Би БОАЖЯ-ны сайдаар хагас жил ажиллах хугацаандаа БОАЖЯ-наас тайлбар хэлж, хоёр удаа цалин нэмэгдүүлэх асуудлыг оруулсан. Байгаль хамгаалагчдыг боловсрол дутуу хүмүүс гэж ойлгодог ташаа ойлголтыг засах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлбар хэлсэн байгаа. Сургууль төгссөн, мэдлэг боловсролтой залуу хүмүүс байгаль орчноо хамгаалах ажлыг хийж байна. Тиймээс цалин нэмэх асуудал, хувцас тусгай хэрэгслийн асуудал, унааны асуудал зэрэг цогц шийдвэрлэх асуудал байгааг анхаарч ажиллахыг хүсч байна. БОАЖЯ цаашдаа Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллах болон цалин мөнгөний асуудал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай тулж ажиллах шаардлага байна.

2022.03.17

Г.Мөнхцэцэг: БОАЖЯ-ны EIC.mn мэдээллийн нэгдсэн санд шинэчлэл хийх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Өөрчлөлт оруулж байгаа нь талархууштай. Ялангуяа иргэдийн мэдэх эрхийн тал дээр чиг үүрэг бүхий байгууллагуудыг өргөжүүлж байгаа нь сайн хэрэг юм. Иргэдийн оролцоо, хяналттай холбоотой асуудалд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Бодлогоо зөв гаргаж байж, хуулийн хэрэгцээг хангаж чадна. Иргэдийн оролцоо, ажиллах боломж нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Говийн бүс нутаг байгаль орчны чиглэлд ихээхэн асуудал дагуулж байгаа. Агаарын бохирдол, нүүрс тээвэрлэлт, хөрсний доройтол, тусгай хамгаалалттай газар, усны хомсдол зэрэг хүндрэлтэй асуудал их байна. Та бүхэн Дундговь, Говьсүмбэр аймагт ажиллаад ирсэн. Мод тарих, ойжуулах асуудал чухал уу гэвэл чухал. Хамгийн гол нь усжуулах асуудлыг тэргүүн эгнээнд тавих хэрэгтэй. Түүнчлэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ гэсэн байгаа. Бид иргэдийн үзэх харах зүйлийг бүрдүүлээгүй байж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь боломжгүй зүйл. Энэ дээр анхаарч ажиллаасай гэсэн хүсэлтийг миний бие удаа дараа тавьж байна. БОАЖ-ын EIC.mn мэдээллийн нэгдсэн сан байдаг. Энэхүү мэдээллийн сан сүүлийн үед шинэчлэл хийж, мэдээллээ баяжуулахгүй байгаа юм бэ? Шинээр томилогдсон салбарын сайд байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, амьдралын бололцоог нь хангахад бодлого гаргаж ажиллахыг уриалж байна. Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

2022.03.17