С.Одонтуяа: Эмэгтэйчүүд, залуусыг улс төрд орох гэхээр иргэдэд бэлэг тараадаг асуудал саад болдог
2022.01.26

С.Одонтуяа: Эмэгтэйчүүд, залуусыг улс төрд орох гэхээр иргэдэд бэлэг тараадаг асуудал саад болдог

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өнөөдөр /2022.01.26/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “УИХ-ын гишүүд тойргийн иргэддээ бэлэг тарааж байгааг олон нийт шүүмжилж байна. Нэг удаа бэлэг тарааж, нэг хүний асуудал шийдэх биш улс орны асуудлаа дорвитой шийдээч гэж байна. Тэтгэвэр нэмэх, утаа, хөрсний бохирдлыг шийдэх, татварын орчныг таатай болгох, өрхийн бизнесийг дэмжих, хавдарын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, эмнэлэг сургууль барих асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл сонгогчийн боловсрол дээшилчихээд байхад улстөрчид бид дүлий байдлаар шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бид шийдэл санал болгож байна.

Бэлэг тараалт маш их хор уршигтай. Мөнгөний уралдаан болж, эмэгтэйчүүд, залуучуудыг улс төрд ороход маш их саад тотгор болдог. Тиймээс сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийг зөв голдирол руу оруулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж, бусад гишүүдийг сонгуулийн хуулийн өөрчлөлтийг дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Одоогийн хууль бэлэг тарааж болох зохицуулалттай байгаа. Цагаан сараар бэлэг тарааж, эцэст нь санал авна гэсэн хандлага буруу байна. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх ёстой.

 

Хуулинд “УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд бэлэг тараахгүй. Хэрэв тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж, дахин сонгогдох эрхгүй болно” гэсэн ерөнхий зохицуулалт оруулахаар санал болгож байна.

 

Энэ зөвхөн УИХ-ын гишүүдэд хамаарахгүй. Шат шатны сонгогддог албан тушаалтнууд, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нарт хамаарна. Мөн Ерөнхийлөгчид хамаарна. Сонгуульт албан тушаалтнууд бүрэн эрхийн хугацаанд иргэдээс санал авахын тулд ямар нэг бэлэг тараахгүй гэсэн зохицуулалтыг хийж, хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн тэрбээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, парламент боов тараадаг биш бодлого ярьдаг болох ёстойг хэлж байна.

 

Б.Хэрлэн