"ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2022.03.03

"ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.02/ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн , УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг , Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон бусад албаны хүмүүс, ЕБС-ийн биеийн тамирын багш нар оролцлоо.


Хэлэлцүүлгийн нээж УИХ дахь Монгол Япон парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн үг хэллээ. Улс орны хөгжил хүнээс шалтгаалдаг, мөнгөнөөс бус. Мөнгийг ухаант хүн бий болгодог. Тэр ухаант хүн эрүүл, чийрэг байх ёстой гэдгийг хэлэх байна. Хоёрдугаарт, спорт бол нийгэмд эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгодог. Энэ бол улс орон бүтэн байхын нэг хүчин зүйл.

Ялангуяа үндэсний спорт эн чиглэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.Гуравдугаарт, Спорт бол эх орноо дэлхийд сурталчлах маш чухал хэрэгсэл юм. Хүнд эх оронч хүмүүжил, нөхөрлөлийн суурийг бүтээдэг, эрүүл байх үндсийг тавьж, бие бялдрын хөгжил, хүмүүжлийг дэмждэг газар нь бүх шатны боловсролын байгууллага, тэр дундаа биеийн тамирын хичээл юм. Иймд, “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон Улсын жишээн дээр” сэдвээр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлж, Японы биеийн тамирын хичээл, сургалтын стандарт, заах арга зүйн талаар туршлага судлах нь манай багш, сургагчдын хувьд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Элчин сайд Кобаяши Хироюки Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой бол хоёр орны хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил юм. Бид биеийн тамир, спортын чиглэлд хамтын арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах хүсэлтэй байна. Монголд Боловсролын багц хууль хэлэлцэх гэж буй энэ үед Японы боловсролын тогтолцооноос санаа авахдаа биеийн тамирын боловсролд анхаарлаа хандуулж байгаад баяртай байна. Японы Биеийн тамир Шинжлэх ухааны их сургуулийн профессор Ширахата Казүяагийн илтгэл биеийн тамирын боловсролыг шинэ шатанд гаргахад чухал хөшүүрэг болно гэдэгт найдаж байна хэмээв.

Японы Биеийн тамир Шинжлэх ухааны их сургуулийн профессор Ширахата Казүяа Японы боловсролын систем дэх биеийн тамирын хичээлийн заах арга зүйн сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр биеийн тамир нь бүхий л зүйлтэй гүнзгий холбоотой цор ганц хичээл юм. Японы биеийн тамирын боловсролын зорилт нь насан туршдаа бие, сэтгэлийн хувьд эрүүл чийрэг байж, спортоор тасралтгүй хичээллэх дадал, чадварыг төлөвшүүлэх байдаг гэлээ. Мөн илтгэлдээ биеийн хөгжлийн онцлогт нийцүүлсэн заах арга зүйн системээс танилцуулав. Хүүхэд бүхэнд хүрсэн сургалт, мэдлэг, техник, таатай харилцааг бий болгоход сургалтын материал чухал үүрэгтэйг илтгэлдээ онцлов.

Монголын ЕБС-ийн биеийн тамирын боловсролын өнөөгийн байдал сэдвээр МУБИС-ийн багш, профессор Л.Уртнасан илтгэл тавилаа. Биеийн тамирын суурь мэдлэг, чадварыг бүтээлчээр эзэмшсэн, эрүүл чийрэг бие бялдартай, амьдралын зөв хэв маягтай суралцагч төлөвшихөд дэмжлэг үзүүлэхэд биеийн тамирын боловсролын зорилго оршиж байна.

Биеийн тамирын бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн. 2013 оноос цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 онд энэ хөтөлбөрөө сайжруулан үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Бие бялдрын хөгжил, спортын төрлүүдийн мэдлэг, чадварт холбогдох агуулга сайн хэрэгждэг боловч сурагч өөрийгөө хөгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах арга барил эзэмших үйл ажиллагаа дутагдалтай байгааг илтгэлдээ дурдав. Мөн шинээр нэмэгдсэн агуулгыг (алчууртай дасгал, бүжиг, өндрийн харайлт, уран сайхны гимнастикийн дасгал гэх мэт) сургуулиуд жигд сайн эзэмшүүлэхгүй байгаа нь сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдал, багшийн бүтээлч бус байдал, сургуулийн хяналт дутмаг байдал нөлөөлж байна гэв. “ЕБС-ийн 1-12-р ангийн биеийн тамирын сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, тэдгээрт тавих шаардлага” (2021) баримт бичиг гаргасан. Үүнээс харахад биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэглэгдэхүүн маш чухал гэж багш нарын 86-90% үзсэн байна. Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшийн арга зүй чухал нөлөөтэйг онцлов.

Оролцогчид биеийн тамирын хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг биеийн тамирын хичээлээр авдаг байх, бие бялдрын хөгжлийн судалгааг сайжруулах, биеийн тамирын хичээлийн хоцрогдлыг онцгой анхаарах, секц дугуйлангийн хөтөлбөр боловсруулах, тэмцээн уралдаанаар багш нарыг чадварыг үнэлдэггүй байх, спортын лаборатори байгуулах зэрэг саналууд хэлж, холбогдох албаны хүмүүс асуултад хариулав.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг үг хэлэв. Япон улсын хөгжлийн гол нууц нь хүний хөгжил. Биеийн тамирын боловсрол зөвхөн тамирчдын, спортын салбарынхны асуудал биш. Хүн бүрийг төлөвшүүлж хөгжүүлэх асуудал учир онцгой анхаарах шаардлагатай. Эцэг эхчүүд урлаг, биеийн тамирын хичээлийг хоёрдогч гэж үзэн хүүхдүүддээ энэ чиглэлээр хөгжих цаг завыг гаргаж өгөхгүй байна. Энэ хандлагыг нийтээр өөрчлөх хэрэгтэй. Боловсролын багц хуульд үүнийг онцгой анхаарч биеийн тамир болон урлагийн амжилт гаргасан хүүхдүүдийг их, дээд сургуульд тэтгэлгээр элсүүлэх, биеийн тамирын хичээлийн зал, материаллаг, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, баяжуулах, багшийн үр дүнг үнэлэх шалгуурыг өөрчлөх шаардлагатай гэлээ. Эдгээр саналууд болон хуралд оролцсон багш нарын саналыг ажлын хэсэг дээр ярилцаж, хуулийн төсөлд тусгуулах тухайд анхаарах болно гэв