Төв аймгийн Баян-Өнжүүл сумын иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллах хүрээнд Баян-Өнжүүл сумын иргэдтэй уулзлаа.
Баян-Өнжүүл суманд ирэх онуудад хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад сумын Тамгын газрын өргөтгөл хийх шаардлагатай байгаа талаар сумын удирдлагууд хэлж байв. Мөн суманд ажиллах төрийн албан хаагчид дутагдалтай байгааг анхаарч орон нутагт залуусыг ажиллуулах бодлого, хөтөлбөр гарган сумын иргэдээ дэмжих шаардлагатай талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Өнөө жил 97 нас хүрч буй Надмид, 88 нас хүрч буй Мэдээгүйн гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр ЕБС, соёлын төвд “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжээс өглөө.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд газрын дуудлага худалдааны анхны үнийг өндөр тогтоож буй байдлыг бууруулах, Алтанбулаг сумтай хилийн цэсийн маргаантай байгаа бөгөөд энэ асуудлыг эцэслэн нааштайгаар шийдүүлэх, сумын газар нутагт уул уурхайн ашиглалтын байдалд үнэлэлт өгч, уурхай ашиглахыг зогсоох, бэлчээр хомсдож цөлжилт нэмэгдэж байгаад анхаарах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдал, төрийн байгууллага бүрт байгаа үйлчилгээний ажилтнуудыг гэрээт ажилтан болгосон асуудлыг хөндөн ярьж, санал хүсэлтээ хэлж байв.