Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-д ажиллалаа
2022.03.24

Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-д ажиллалаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар өнөөдөр (2022.03.23) Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.

Ахмадууд Геронтологийн үндэсний төвийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг хүслээ

Геронтологийн үндэсний төвийн барилгын шавыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 онд тавьсан ч өнөөдрийг хүртэл хүртэл ашиглалтад ороогүй байна. Энэ хугацаанд зураг төсөл нь гурван ч удаа өөрчлөгдөж, төсөвт өртөг нэмэгджээ. Хамгийн сүүлд 2019 онд эмнэлгийн барилгын зураг төслийг дахин шинэчилснээр төсөвт өртөг 17.3 тэрбум төгрөг болсон байна. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа бөгөөд барилгыг ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Гэтэл энэ санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгаагүй байна.

Тус төв нь Монгол Улсын хэмжээнд ахмад настанд төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, оношилгоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, эмч эмнэлгийн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, судалгаа шинжилгээ хийх зорилготой ажилладаг цор ганц байгууллага юм.

Гэтэл энэ үндэсний төв өнөөдрийг хүртэл “16 өрөөнд” үйл ажиллагаагаа явуулж иржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн XI хороо, Цагдаагийн гудамжинд байрлах Геронтологийн үндэсний төвийн одоогийн байр 1956 онд ашиглалтад орсон 1800 м2 талбай бүхий хоёр давхар байрны нэг давхрын 512 м2 талбайд ердөө 16 өрөөнд ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Учир нь энэ барилгын хоёр болон нэг давхар нь хувийн эмнэлгүүдэд хувьчлагдсан буюу “Геронтологийн үндэсний төв” гэсэн хаягтай энэ барилгын талбайн тал илүү хувь нь хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр удаагийн шалгалтаар мөөгөнцөртэй, мэрэгч шавьжтай, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Үүнээс өөр үйл ажиллагаа явуулах байр байхгүй тул настны эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн шүдний эмнэлгийн кабинетыг тус төв өөрсдийн нөөц бололцоогоор түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Стандарт шаардлагад нийцэхгүй ч нэг өрөөнд хоёр өөр төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг тус төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал хэллээ.

2015 онд дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг (901 сая) 60 ба түүний дээш насныхан эзэлж байсан бол 2050 онд 21.5 хувийг эзлэх төлөвтэй болжээ. Энэ нь 2050 онд дэлхийн хүн амын 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насны хүн байна гэсэн үг юм. Манай улсын хувьд ч насжилтын төлөв нэмэгдэх хандлагатай болжээ.

Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй ахмадууд шинэ эмнэлгийн барилгыг хурдан хугацаанд ашиглалтад оруулахыг гишүүдээс хүсэж байлаа. Тус төв найман төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ болон гэрийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Жилд дунджаар 70-80 мянган ахмад настанд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ахмадуудын дунд зүрх судас, яс булчингийн тогтолцоо, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл түгээмэл байдаг байна. Геронтологийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орвол жилд дунджаар 100 орчим мянган ахмадад тусламж, үйлчилгээ үзүүлж, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2.4 дахин нэмэгдэх боломжтой болох юм байна.

Нөгөө талаар салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг дэмжиж, мэргэшсэн эмч сувилагчдын бэлтгэхгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй болжээ. Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин урамшуулал, нийгмийн баталгааны асуудал тулгардаг байна. Одоогийн байдлаар тус төвийн санхүүжилтийн 70 хувь нь төсвөөс, 30 хувь нь эрүүл мэндийн даатгалаас бүрдэж байна.

Цаашид эрүүл мэндийг дэмжих бодлогын хүрээнд урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх, асаргааны даатгалын тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд настны эрүүл мэндийн дэмжих сэтгэл засал, тэнцвэр сэргээх, ой санамж сэргээх төвүүдийг байгуулах шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд уламжиллаа.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэлээ

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд Сонгинохайрхан дүүрэг дэх “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын дэргэдэх ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудтай уулзалт хийлээ.

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоонд түшиглэсэн 10 төрлийн халамжийн үйлчилгээний санхүүжилт, хувьсах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Одоогийн байдлаар нэг хүнд ногдох хувьсах зардал 9000 төгрөг байна. Тус төвийн хувьд 2019 оноос Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.5, Ахмад настны тухай хуулийн 7.1.4-т заасан өдрийн үйлчилгээг ахмадуудад үзүүлдэг. Энэ хугацаанд нийт 590 ахмадад өдрийн үйлчилгээг үзүүлжээ. Мөн л өөрийн гэсэн байргүй учраас Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн нэг давхарт 114 м2 талбайд өдрийн үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээ, бариа засал болон хөдөлгөөн заслын үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Сонгинохайрхан дүүрэг 33 орчим мянган ахмад настантай. Төрөөс олгодог санхүүжилт бага учраас энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх төрийн бус байгууллага ховор байдгийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул хэллээ.

Ахмад настнуудын хувьд энэ төрлийн үйлчилгээг тогтмолжуулж, хувьсах зардлыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уялдуулахад анхаарч ажиллахыг хүсэж байлаа. Мөн ахмадуудыг ажил эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, залуу үедээ өөрсдийн туршлага мэдлэгээс хуваалцах боломжийг хангах хэрэгтэй байгаа ч дуулгасан юм.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгөх, шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлт шинэчлэлүүдийг хийхээ илэрхийллээ