2022.03.18

ТҮ 1-3 зэрэглэлийн ажилтныг орон нутгийн чиг үүрэгт шилжүүлсэн хуулийн заалтыг хүчингүй болгохыг шаардлаа

Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг хүчингүй болгохыг ҮЭ-ийн 8000 гаруй гишүүн жагсаж шаардлаа

МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, ШУ-ны ҮЭ-ийн холбооны Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороо болон хөдөө орон нутгийн ҮЭ-ийн гишүүдийн санал шаардлагыг үндэслэн /2022.03.17/ Сүхбаатарын талбайд 8000 гаруй гишүүд нэгдсэн жагсаал зохион байгуулж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг хүчингүй болгохыг шаардлаа. Тус заалтад орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагуудын барилга, байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээг орон нутгийн чиг үүрэгт хамааруулж, тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байгаа юм. МҮЭ-ийн холбооноос ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллын асуудалд хүндрэл учруулж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй. Иймд МҮЭ-ийн холбооноос Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг хүчингүй болгох хүртэл, тэмцлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулахаа илэрхийлж, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад:
  • "МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоодоос хүргүүлсэн шаардлагын хариуг ирүүлэх,
  • Багш ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж цалинг бодитоор нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг нэн яаралтай горимоор хүчингүй болгох,
  • Шаардлагын хариуг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор ирүүлэх" гэжээ.