2022.03.24

Д.Сарангэрэл: Мэдээллийг маш тодорхой болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Нийт үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 80 мянга гаруй болсон байна. Өмнө нь 127 мянга гаруй байсан. Хөдөө орон нутгийн хувьд цар тахлаас үүдэн 70 хувьтай, үйл ажиллагаа нь доголдсон, үүдээ барьсан байдалтай байна. Бизнес эрхлэгчид хяналт шалгалт бус үйл ажиллагаагаа хэрхэн яаж сэргээх вэ гэсэн бодолтой явна. Тиймээс бид ААН-үүддээ дэмжлэг үзүүлэх ёстой. Олон төрлийн хяналт, шаардлагыг багасгах ёстой гэж Шинэ сэргэлтийн бодлогод орж ирсэн. Энэ хүрээнд ХЗДХ-ийн яам Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг оруулж ирснийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.

Иргэд, ААН-ийн саналаар шалгалт явуулна. Гол зорилго нь мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлээд торгож шийтгэхгүй байх. Түүнчлэн 3 жилийн хугацаанд цар тахлаас үүдэн зогссон ААН-ийн үйл ажиллагааг сэргэхэд төр дэмжиж байгаа явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн төслийг маш их дэмжиж байгаа. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоогоо улам сайжруулаад явах ёстой.

Иргэд ААН-ийн хүсэлтээр төрийн эрх бүхий байгууллагууд хянаж шалгана гэж байгаа нь ямар учиртай вэ? Мэдээллийг маш тодорхой болгох хэрэгтэй.

ААН-үүд өөрсдөө хүсэлт гаргаад алдаагаа засуулах зохицуулалтыг хуульд тусгавал үр дүнтэй гэж бодож байна. Үүнтэй холбоотой шинэ шийдэл гаргах боломж бий юу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.