УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төлөвлөлт шалгалт хийхгүй болсноор ААН, компаниуд ард иргэдэд аюултай үйл ажиллагаа хийнэ гэж бодохгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдал тун хүнд байгаа. Ковидын дараа Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.6 хувиар унаж, 1992 оноос хойш хамгийн том уналт болсон. Бидний өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бол ААН-үүдээ дарамтгүй байлгахад л оршиж байна. Түүнээс огт хяналт, шалгалт хийхгүй гэсэн асуудал яригдаагүй. Энэ хуулийн төсөл нь ААН-үүдийг хүндрэлтэй үед дарамтнаас чөлөөлөхөөс гадна цаашдаа Мэргэжлийн хяналтын байгууллага хандлагын цоо шинэ өөрчлөлт хийх санаатай оруулж ирж байхад гишүүд яагаад дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Уламжлалт хандлагаасаа салж, хандлагын өөрчлөлт хийх энэ хуулийн төслийг бид дэмжих нь зүйтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Төрийн хяналт шалгалт, үйл ажиллагааг түр хугацаагаар буюу бүр гурван жилийн хугацаанд зогсоолоо гээд бизнес эрхлэгч, ААН-үүдэд бодитой дэмжлэг туслалцаа болж чадах уу? Түүний оронд хамгийн ихээр саад болж байгаа төрийн хяналт шалгалтын давхардал, эрх зүйн орчныг нь ойлгомжтой болгох тал дээр ажиллавал илүү их дэмжлэг болох болов уу гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт хийх хамгийн гол үндэслэл нь тухайн улс оронд бизнесийн орчин нь боловсронгуй болсон эсэх, улс төрийн нөхцөл байдал нь тогтвортой байдаг эсэх гэсэн хоёр зүйлийг хамгийн түрүүнд хардаг. Тиймээс төрийн хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоохоос илүүтэй татварын хөнгөлөлт, эсвэл хяналт шалгалтын эрхзүйн орчинг илүү боловсронгуй болгох тал дээр ажиллавал илүү бодитой дэмжлэг болно гэсэн саналыг дэвшүүлж байна. Асуух 3 асуулт байна. Нэгдүгээрт төрийн хяналт шалгатыг түр хугацаанд зогсоож, хяналтыг сулруулж байх хугацаанд ямар нэгэн эрсдэлүүд гарах юм бол хэн хариуцлага хүлээх вэ? Хохиролыг хэн барагдуулах тал дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ? Хоёрдугаарт үүнийг хийх нийгмийн ёс зүй, хандлагын төлөвшил бүрдсэн гэж та бүхэн харж байна уу? Гуравдугаарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 жилийн хугацаатай зогсоосноор ямар эрсдэлүүд учирч болох талаар урьдчилсан эрсдэлийн тооцоо хийсэн үү? Тэдгээрт тулгуурлаж эрсдэлийн төлөвлөгөө гарсан уу? Түүний асуултад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ хууль зөвхөн манай улсад яригдаад байгаа юм биш. Дайнтай холбогдуулан ОХУ энэ оныг дуустал Хяналт шалгалт үйл ажиллагааг зогсоох тухай хуулиа сунгачихсан. Бидний гол зорилго бизнес эрхлэгчдэд очдог дарамтыг багасгах үүднээс хуулийг санаачилсан билээ. Ерөнхий сайд "давхар давхар хориг" үүсээд байгааг онцолсон. Ийм үед хоригт орсон үед ердийн үеийн дэглэм үйлчлэх боломжгүй болсон байна. Их эрсдэл гэдэг нь хуулийн хэлээр бол нөхөж баршгүй хохирлыг хэлээд байгаа юм. МХЕГ-ын авилга бол системийн авилга болтлоо өдий хүрсэн. Хяналт, шалгалт авилгын эх үндэс болсонд асуудал байна. Эдийн эрх чөлөө олгож, давхар давхар дарамтуудыг багасгахад чиглэгдэх ёстой. Хэрэв үүнийгээ шийдэж чадахгүй бол ийм хууль гаргаад яах вэ. Мэргэжлийн хяналтыг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 100 хувь хяналтаа өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн улс орнуудад ийм л байгаа. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох зорилгодоо хүрч чадах уу гэдэгт гол асуудал байна. Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Хяналт шалгалт гэдэг үнэхээр зөвлөн туслах чиг үүрэгтэй байж чадах юм бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангуулахад төр оролцож байгаа хэлбэр юм. 2010 онд эм, эмнэлэгийн хэрэгслийн хуулийг батлан гаргасан. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогоо ч гаргасан. 2014-2018 онд аудитын газраас дүгнэлт хүртэл гарч байсан. Тухайн үед 44 ААН байсан, 63 нь тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс харахад урьдчилан сэргийлэх хяналтаар 2016 онд 519 нэр төрлийн эмийн бүртгэл бүртгэгдээгүй, зөрүүтэй эм бүртгэгдэж байсан. Энэ нь GMP-н шаардлагыг хангаагүй, эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан. Энэ бол төлөвлөгөөт шалгалтын үр дүнд бий болж байгаа юм. Яг адилхан орцтой, адилхан нэртэй эм мөртлөө үйлчилгээ нь 4-5 дахин бага, хугацаа нь хэтрээгүй гэсэн тэмдэглэгээтэй мөртлөө хугацаа нь хэтэрсэн эмнүүд манайд орж ирж байнаү. Тухайн эмнүүдийг дуураймал, жинхэнэ эсэхийг шалгах лаборатори нь манайд байхгүй. Ард иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бид хэрхэн хангах вэ гэдэг дээр эргэж харах шаардлагатай. Тэгэхээр энэ хуулийн гаргаж ирснээрээ, ялангуяа эмийн хяналтыг яах вэ? Төлөвлөгөөт хяналтуудыг хийхгүйгээр эмийн хяналтыг хийнэ гэж огт байхгүй. Мэргэжлийн хяналтын газрууд сайн лабораторуудыг байгуулах төсөв мөнгөө хурдан шийдээд, хил гааль дээрээ лабораторуудыг яаралтай байгуулах ёстой. Хяналт шалгалтын энэ хуулиар эмийн хяналтыг хэрхэн зохицуулах вэ? Түүний асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхэнд хүн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах ёстой байдаг. 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналтыг зохион байгуулахаар хүний суурь эрх баталгаатай байх эсэхийг Ажлын хэсгийнхэн болоод Байнгын хорооныхон юу гэж үзээд байгаа вэ? Иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох юм бол хэн хариуцлага хүлээх вэ, Төлөвлөгөөт хяналтыг зогсоосны улмаас хохирол учирвал тухайн компанийнхан болон төр хариуцлага хүлээх нь гарцаагүй. Тиймээс төр засаг болчимгүй үйлдэл гаргаж болохгүй. Хууль гарснаар байгаль орчинд сөргөөр үзүүлэх нөлөө нэмэгдэх вий. ААН-үүд дуртай газраа ухаад, нөхөн сэргээлт хийхгүй бол төр дээр бүх хариуцлага ирнэ. Үүн дээр хэр анхаарах вэ? Иргэдийн амь, эд хөрөнгө хохирсон тохиолдолд хяналт шалгалт хийгээд зөрчил арилгах, зөвлөн туслах шинжтэй үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байсан. Зарчмын зөрүүтэй саналаа засаагүй юм уу? Манай МХЕГ дэндүү нүсэр. Бүх хяналтыг нэгтгэчихсэн гажуудлаас болж ийм асуудлууд гардаг. Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.