2022.04.21

Н.Наранбаатар: Зөвхөн татвар, аудит, санхүүгийн хяналтыг 3 жил зогсоох нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Хэлэлцэх эсэх дээр миний бие дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Одоо ч энэ байр сууриндаа хэвээр байна. Хүний амь нас , эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг нь харгалзан их эрсдэлтэйгээс бусад обьектод хэмээн өөрчлөгджээ.
Мэргэжлийн хяналт бол ард иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хуулийн гол үзэл баримтлал хүнд суртал, авилга хээл хахуулийг бууруулна гэжээ. Хяналт шалгалтыг зөөлрүүлэхэд байгууллагууд дотроо зохион байгуулж, байцаагч нартаа шаардлагаа тавиад явах бүрэн боломжтой. Заавал хууль гаргаж, аливаа эрсдлийг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Төрийн хяналт шалгалт бол цаашдаа давхардал байхгүй явах ёстой.

Заавал хууль гаргах гээд байгаа бол эндээс Мэргэжлийн хяналтыг нь хасаад зөвхөн татвар, аудит, санхүүгийн хяналтыг 3 жил зогсоох нь зөв.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.