Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургалт зохион байгуулж байна
Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим гарын үсгийн тухай хууль, үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар улсын бүртгэлийн байгууллагын удирдах албан тушаалтан, албан хаагчдад мөн холбогдох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад тоон гарын үсгийн дэд бүтцийг танилцуулах сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сургалтын эхний өдөр буюу өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар болон аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн дарга нар танхимаар болон цахимаар хамрагдлаа.
Сургалтаар “Цахим гарын үсгийн тухай хуулиар улсын бүртгэлийн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг”, “Тоон гарын үсгийн тухай ойлголт”, “Тоон гарын үсэг олгохтой холбоотой дүрэм журмын танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд холбогдох хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.
Сургалт ирэх долоо хоногийн даваа гарагт Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад, мягмар гарагт буюу 04 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулан үргэлжлэх юм.