2022.04.12

МҮЭХ-ны Ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа

Өнөөдөр (2022.04.12) МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Тус аймагт 95000 иргэн оршин суудаг. Үүнээс хөдөлмөр эрхэлж байгаа 33 мянган иргэд байдаг аж.

Ажлын хэсгийн гишүүд хөтөлбөрийн дагуу хуваагдаж аймгийн иргэд, хөдөлмөрчид, эрүүл мэнд, боловсролын байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын удирдлага, Аймгийн Засаг даргын орлогчтой уулзаж тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Ар ус ундарга" ОНӨААТҮГ-ын захирал Б.Булганчимэг ҮЭ-ийн хорооны дарга Д.Хүрэлбаатар, Хүний нөөцийн менежер Р.Энхтайван, Үйлчилгээний ажилтан Б.Амарбаясгалан нартай уулзахад улс төрийн томилгоо байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлэв.

Мөн Архангай аймгийн "Эрдэнэбулган" сумын 2 дугаар сургуулийн захирал Г.Нямсамбуу, ҮЭ-ийн хорооны дарга О.Энхжаргалтай уулзахад, үйлчилгээний ажилтнуудад тулгамдаж буй асуудал, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ их ч, хүртэх үр ашиг бага байгааг сануулж энэ хүрээнд МҮЭ-ийн холбоо цаашид арга хэмжээ авч ажиллахыг хүсч байв.

Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Архангай Аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат болон холбогдох газрын дарга нартай уулзаж иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан асуудлаар хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааных нь талаар ярилцаж мөн Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны байр, өмнөх барилгын газар олголтын тухайд хамтарч ажиллах саналыг хэлэв.

Харин Засаг даргын орлогчийн зүгээс Аймгийн Засаг даргын тушаалаар Эдийн засгийн дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгээс аймгийн батлагдсан төсвийн хүрээнд тооцоо судалгаа хийсэн. Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ТҮ1-3 зэрэглэлийн албан тушаалтны цалин хөлсийг хагас жилээс хойш олгох боломжгүй болоод байгаа тухай мөн Төрийн захиргаанд ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс хэт бага байгаагаас үүдэн Аймгийн Засаг Даргын Тамгын газар боловсон хүчний дутагдалд ороод буй тухай хэлж байсан юм.

Үүний дараа Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд Архангай аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, ҮЭ-ийн гишүүн, малчид, иргэд, өндөр настнуудтай уулзлаа. Энэ үеэр ТҮ1-3 дугаар зэрэглэлийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх ашиг, цалин хөлс, Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өгч МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг хийсэн юм.